Н.Цэнд-Аюуш: Аймгийнхаа иргэдийг чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-05 11:28:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 630,0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандалговиос урагш 4 орчим км орчим газарт өвлийн хоёр хүлэмж баригдаж, дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж чадаагүйн улмаас тогтвортой ажиллуулах боломжгүй байсан юм.

Харин 2021 онд аймгийн ЗДТГ-аас хүлэмжийг цахилгаанд холбож, түрээсэгч нарт түрээсээр эзэмшүүлснээр аймгийн иргэд орон нутгийн хөрсөнд тариалсан шинэ ургацын ногоог хүнсэндээ хэрэглэх боломж бүрджээ.

Өвлийн нарлаг хүлэмжийн нэгийг гэрээгээр эзэмшиж буй агрономич, аймгийн Жимс, жимсгэний холбооны тэргүүн Н. Цэнд- Аюуштай уулзлаа.

-Ургац арвин байна уу? Дундговийн иргэд нутгийнхаа хөрсөнд тариалсан огурцы, помидорыг худалдан авч, хэрэглэхдээ их баяртай байгаа. Эзэнгүйдээд байсан энэ өмчийг өөд нь татаж, хүлэмжийг гэрээгээр эзэмшиж байгаа Б.Нармандах та хоёрт талархаж байна.  

-Баярлалаа. Ургац арвин байна. Өдөртөө 100-130 кг огурцы авч байна. Өвлийн энэ хоёр хүлэмжийг Нармандах бид хоёр гэрээгээр эзэмшиж байна. Манай хүлэмжинд 5, нөгөө хүлэмжинд 3 хүн ажиллаж байгаа.

ОНХС-ийн хөрөнгөөр энэ хоёр хүлэмжийг байгуулсан нь маш зөв шийдэл. Гэхдээ тухайн үедээ дэд бүтцийг нь шийдээгүй байсан учраас ашиглахад хэцүү байсан.

Миний хувьд 2017 оноос л энэ байгууламжийг хамгаалах, ашиглах гэж оролдоод өдий хүрсэн. Маш их бэрхшээл туулж байж, өнөөдрийн энэ амжилтад хүрч байна.

Нармандахын хувьд 2020 оноос хүлэмжийг гэрээгээр ашиглаж байгаа. Энэ хавар аймгийн удирдлагууд ирж, хүлэмжийн байдалтай танилцаад тогны асуудлыг шийдэж өгсөн. Ингэснээр төрийн хөрөнгөөр баригдсан энэ сайхан байгууламжийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид огурцы, помидороо гаднаас зөөхгүй байх боломжтой болж байна гэсэн үг шүү дээ.

-Ямартай ч цахилгааны асуудлыг нь шийдсэн байна. Хүнсний ногоо тариалахад ус хамгийн хэрэгтэй шүү дээ. Услалтын асуудлаа хэрхэн, яаж шийдэж байна вэ?  

-Одоохондоо гүний худгаас шаланкаар татаад ногоогоо усалж байна. Ер нь аймгаас дэмжиж, цэвэр усны шугам татахаар хөрөнгө нь батлагдаад, тендер зарлаад явж байгаа. Тэгэхээр усны асуудал шийдэгдэж байна.

Төрөөс ингэж дэмжиж байгаад их талархаж байгаа. Хувийн хэвшлээ ингэж дэмжсэнээр ард иргэдийнхээ хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийг бууруулж, чанарыг сайжруулж чадаж байна шүү дээ. Ингэж байж л аймаг, орон нутаг хөгжиж чадна.

-Бүтээгдэхүүнээ хаана, хэрхэн борлуулж байна вэ, танаас өөр нарийн ногоо тариалдаг хүмүүс бас олон байгаа, манай зах зээл бага. Өдөртөө 100 кг огурцы гарч байна гэсэн, орон нутгаасаа өөр зах зээлд нийлүүлдэг үү?

-Аймгийнхаа дэлгүүрүүдээр болон айл, өрхүүдээс захиалга аваад хүргэлтээр нийлүүлж байгаа. Мөн нэг юмуу, хоёр өнжөөд Улаанбаатар луу явуулж байна. Бүх дэлгүүртэй гэрээ байгуулаад хангах боломж байгаа хэдий ч бусад тариаланчиддаа боломж олгох үүднээс тэгдэггүй. Хэдийгээр зах зээл маань бага ч гэсэн бид бусдыгаа бодох хэрэгтэй шүү дээ.

 

Ургац арвин байна, манай иргэд ч ам сайтай байгаа. Голланд, нидерландын сортын огурцы тарьсан. Хэрэглэгчид маань амт, чанар сайн байна гэсэн. Тэгэхээр бүтээгдэхүүний чанарын хувьд сайн, үнэ ч харьцангуй хямдхан байгаа. Цаашдаа зах зээлээ тэлж, Өмнөговь, Дорноговь, бусад сумдууд руу бүтээгдэхүүнээ явуулах бодолтой байна.

-Хүлэмж хэдий хэр хэмжээний ашигтай талбайтай вэ?

- Ер нь энэ хүлэмж маань 600 м.кв талбай бүхий байгууламж шүү дээ. Нөгөө хүлэмж бас адил. Нийлээд 1200 м. кв гэсэн үг. Харин тариалалт хийсэн ашигтай талбай бол 360 м.кв. Энэ талбайдаа л ногоогоо тарьсан даа.

- Өвлийн хүлэмж учраас өвөлдөө тариалалт хийх үү, боломж нь бүрдсэн үү?

-Гэрэл цахилгааны асуудлаа шийдсэн. Одоо цэвэр устай холбогдож байна. Тэгэхээр энэ жил 12 сар хүртэл тариалалт хийж туршья гэсэн бодолтой байгаа. Ер нь бол их л том санаатай байгаа шүү.

Хэрвээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвал жилд гурван удаа ургац авчих бүрэн боломжтой. Гэхдээ энэ жилийн хувьд анхных учраас 12 сар хүртэл тариална л гэж бодоод байгаа юм.

-Цаашдаа Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дорвитой хийгдэж байгаа ажил юу байна вэ?

-Энэ жилийн хувьд хүлэмжиндээ ногоогоо тариад, бас ч чамлахааргүй амжилттай байж чадлаа. 2021 оноос бүр хүлэмжийн аж ахуй болж өргөжихөөр зорилт тавиад, аймгийн ХБХ-иийн мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад, төсөл боловсруулаад, хэлэлцүүлээд явж байна.

Төслийн хүрээнд тарьж байгаа хүнсний нарийн ногооныхоо төрлийг нэмэгдүүлээд, модны үрсэлгээ хийгээд, мандлын цэцгийн үр гаргаад, аймаг орон нутгаа 4-5 төрлийн хүнсний ногоогоор бүрэн хангаж, ногоон аймаг болохын төлөө хамтран ажиллахаар болж байна.

Энэ төсөл маань батлагдаад, хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдчихвэл нэг том алхам болох юм.

-Та олон жил мэргэжлээрээ ажилласан ахмад агрономичийн хувьд энэ салбарт сэтгэл зовоосон ямар асуудал байна, түүнийг шийдэх талаар ямар санаа байдаг вэ?

-Өрхөөрөө хүнсний ногоо тариалж байгаа олон өрхүүд бий, тэд нар зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд маш их бэрхшээлтэй тулгардаг. Энэ бол миний хувьд их олон жил бодогдож, сэтгэлийг маань зовоож байгаа асуудал л даа.

Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд тариаланчид бид нэгдэх ёстой. Тухайлбал, аймгийн Жимс жимсгэний холбоондоо нэгдэж, яг нэг стандартаар, нэг сортын нэг л төрлийн бүтээгдэхүүн гаргаж, хамтраад зах зээлд борлуулдаг болвол болох л зүйл.

Манай огурцыг авъя, маш ихээр худалдаж авъя гэсэн байгууллагууд байгаа. Тэгэхээр зах зээл байгаа л гэсэн үг. Хамгийн гол нь хамтрах нь л чухал шүү дээ. Энэ дээр аймгийн ХХААГ-ын агрономич ч хамтрах хэрэгтэй. Хамтраад ногоочдоо сургаад, тариалалтаа нэг технологиор хийгээд хамтраад ажиллавал шийдэж болно. .

Эхний ээлжинд хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлж, төслөө хэрэгжүүлээд, цаашдаа энэ ажлыг ч бас хэрэгжүүлж болох байхаа гэж бодож байна шүү.

-Танай бүтээгдэхүүнийг хэрхэн ямар утсаар холбогдож худалдан авах вэ?

-Манай бүтээгдэхүүнийг авахыг хүссэн хүмүүс утсаар маань холбогдож болно.

Миний утас 99597799.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Ургац нь арвин байг. Амжилт хүсье!

Related news