МАН-ын удирдлагуудыг шалгуулахаар УЕПГ-т ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-27 13:36:26

МАН-ын удирдлагуудтай холбогдох бичлэгийг үндэслэн АН-аас шалгуулах хүсэлт гаргасныг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнөөдөр УЕПГ-т хүлээлгэн өгөв. 

Тэрбээр энэ үеэр “МАН-ын удирдлагууд төрийн албыг хэрхэн наймаалцаж, үнэлсэн талаарх ноцтой баримтууд олдсон. Энэ асуудлыг зохих хуулийн байгууллагаар шинжлүүлэхэд тэдний яриа мөн болох нь нотлогдсон. Тиймээс УЕПГ болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т хандан, энэхүү асуудлыг үргэлжлүүлэн шалгахыг хүсч мэдээлэл хүргүүлж байна” гэв. Уг хүсэлтийг УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хүлээн авч “Албан бичгийг хүлээн авлаа. Бид мэдээллийг хүлээн авч шалгаад 14 хоногийн дотор  хариу өгнө” гэв.

УЕПГ-т хүлээлгэн өгсөн уг албан бичигт "МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай яриа нь үндэсний аюулгүй байдлын болон албан тушаалын гэмт хэргийг агуулсан байж болзошгүй байна. Тиймээс энэхүү асуудлыг хуулийн дагуу шалгана уу" гэжээ. 

МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан өчигдөр мэдэгдэл хийж, уг бичлэг нь эвлүүлэг, зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлаар мөн НИТХ-ын дарга, АН-ын гишүүн Д.Баттулга өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, уг бичлэг үнэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон гэв. Тэрээр “Энэ бичлэгийг хуулийн байгууллага дуу, бичлэгийг нягталж шалгаад, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4113 тоот дүгнэлт гарган, энэ бичлэг үнэн бодитой ямар ч эвлүүлэг ороогүй гэсэн 3 хуудас бүхий дүгнэлт ирүүлсэн” гэлээ. 

Н.Туяа

Related news