Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван асуудал хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-11 14:22:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хурлаар гурван асуудал хэлэлцэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар гишүүд дэмжлээ.

Эхний хэлэлцсэн асуудал нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох байлаа. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч дүгнэлт гарган аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүйцүүлэн алба хаах иргэдийн тоог батлуулдаг уламжлалтай. 2019-2021 онд цэргийн дүйцүүлэх алба хаагч 30, 2020-2022 онд 15 цэргийн алба хаагчийг тус тус элсүүлж, аймгийн Онцгой байдлын газрын Байгалийн гамшигтай тэмцэх салбар, сумдын ЗДТГ-тай хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Мөн иргэдэд цэргийн анхан шатны бэлтгэл олгох болон тусгай үүрэг гүйцэтгэх үеийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг зохион явуулжээ. 2021 онд аймгийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 20 байхаар зөвлөлийн гишүүд дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар боллоо.  

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь халамжаас хөдөлмөрт аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх байлаа. Тодруулбал халамжид найдсан сэтгэлийг хөдөлмөрт тэмүүлсэн итгэлээр өөрчилнө гэв. Нийгмийн халамж хүртэгч зорилтот бүлгийн иргэдийн хандлагыг өөрчлөх замаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхээр Халамжаас хөдөлмөрт аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар аймгийн ХХҮГ-аас танилцуулсан юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр зорилтот бүлгийн өрх, иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, амьдралын хэв маягийг нь өөрчлөх боломж бүрдэх аж.

2021 оноос эхлэн хэрэгжих энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжлэх бөгөөд зөвлөлийн гишүүд дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар санал нэгдлээ.

Засаг даргын зөвлөлийн гурав дахь асуудал Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөр байв. Урин дулааны улиралд шарилжны дохиурын тоосовч задран салхиар дамжин агаарт тархаж амьсгалын зам, арьсны салстыг мэдрэгшүүлж, харшил үүсгэх нөхцөл шалтгаан болдог аж. Тиймээс 2017-2020 онд Дархан сумын 134 га талбайд шарилж устгах ажлыг үе шаттай явуулж, ургамлын тоосонцроос үүссэн харшлын шинж чанартай өвчлөлийг бууруулан, хог хаягдлыг багасгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж чадсан.

“Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг 2021-2024 онд 4 сумын төвийн нутаг дэвсгэрийг хамруулан дахин хэрэгжүүлэхээр өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд аймгийн ХОХБТХ, Захирагчийн ажлын албанаас танилцууллаа. Зөвлөлийн гишүүд дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар санал нэгдлээ.

Related news