Худалдааны төв байгуулах талаар санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр Дархан хот болон
Братск хотын албаны төлөөлөл цахим хурал хийлээ. Уг хурлаар
талууд худалдааны төв
байгуулах, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх
талаар болон багш, сурагчдын соёлын солилцооны талаар харилцан санал солилцов.
Дэлхий нийтийг хамарсан
коронавирусний халдварын улмаас түр хойшлогдсон дээрх төлөвлөсөн ажлууд
вакцинжуулалт амжилттай явагдаж, хил нээгдэнгүүт бодит ажил болно гэдэгт
итгэлтэй байгаагаа албаныхан илэрхийллээ.
Цахим хуралд Дархан-Уул аймгийн Засаг
даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр, ХОХБТХ-ийн
ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, аймгийн Засаг даргын Гадаад бодлогын зөвлөх Н.Сувдаа,
БСУГ-ын дарга С.Галбадрах болон ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотын захирагч
Сергей Васильевич Серебренников, Россотрудничествогийн Монгол дахь төлөөлөгчийн
газрын дарга Амгалан Ринчинович Базархандаев, Эрхүү хот дахь Монгол Улсын
консул Дорж Батсайхан нар оролцсон юм.
Ташрамд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Дархан хот болон Братск хотын хооронд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай
санамж бичиг байгуулснаар хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаатай болсон
юм. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх
чиглэлд талууд олон бодит ажлуудыг хамтран амжилттай зохион байгуулсан байна.