Хөгжлийн бодлогыг хувийн хэвшлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-01 18:28:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орны Үндэсний хөгжлийн зорилго, зорилтууд, тэргүүлэх чиглэлийг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нягт уялдуулах нь Монгол Улс 2030 онд гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал үүрэгтэй. Энэ талаар өнөөдөр болсон "Тогтвортой хөгжлийн Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх" Ажлын хэсгийн анхдугаар хурлаар онцлов. 

Ажлыг хэсгийг Сангийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран удирдаж буй юм. 

"Тогтвортой хөгжлийн Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх" ажлын хэсгийн анхдугаар хурлыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар нар даргалан төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа.

Улс орны хөгжлийн бодлого, түүний санхүүжилтийг уялдуулах, хувийн хэвшлийн эх үүсвэрүүдээр дамжуулан хөгжлийн бодлогыг санхүүжүүлэх, мөн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилго болон үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудад хүрэх явцыг хурдасгахад дэмжлэг болохыг өнөөдрийн хурлаар хөндөв. 

Ажлын хэсгийн хүрээнд Үндэсний хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг хөгжлийн санхүүжилт, бодлого гаргагчид, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшил зэрэг олон талын төлөөлөл нэг дор цугларч, тогтолцоог бэхжүүлэх тухайд хамтдаа хэлэлцлээ. 


НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр Үндэсний Санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх ажлыг дэлхийд хэрэгжүүлж буй анхдагч орнуудын нэг нь Монгол Улс болж байгаа юм. 


Энэ талаар Сангийн дэд сайд С. Мөнгөнчимэг хэлэхдээ, "Монгол Улсын Засгийн газар Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгаж, энэ ажлын хэрэгжүүлэлт болон хөгжүүлэлтийг Сангийн яамны удирдлага, манлайлал дор бусад талуудтэй хийж гүйцэтгэнэ" гэдгийг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Нашида Саттар хэлэхдээ, “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх нь "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд ТХЗ-ын биелэлт удаашрах, цаашлаад гаргасан ахиц дэвшлийг ухраах эрсдэл үүсээд байна. Энэ эгзэгтэй үед Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх талаар хэлэлцэж буй нь цагаа олсон алхам болж байна. Энэхүү тогтолцоо нь ирж буй он жилүүдэд дээрх сорилтуудыг даван туулах болон шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлов.

Ажлын хэсэг нь Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны замын зураг, санхүүжилтийн стратегийн төслийг 2021 оны 6 дугаар сард бэлэн болгохоор ажиллаж байна.


Related news