Б.Алтангэрэл: АНУ-д Монгол иргэд визгүй зорчих асуудлыг анхаарна гэдгээ илэрхийлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-05 13:37:44

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэлээс монгол иргэдэд АНУ-д визгүй зорчих асуудал дээр хэрхэн ажиллаж байгаа болон энэ  асуудлаар айлчлалаас ямар үр дүн гарахыг тодрууллаа.

-АНУ-д өнөөдөр олон тооны монгол иргэд ажиллаж амьдарч байна. Элчин сайдын яам, Элчин сайдын зүгээс визийн асуудлаар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-АНУ-д өнөөдөр 28 мянга орчим монгол иргэд ажиллаж амьдарч байна. Энэ нь гадаадад амьдарч буй иргэдийнхээ тоогоор Солонгосын дараа орж байгаа үзүүлэлт юм. Иймд монгол иргэдээ аль болох хууль ёсны дагуу тухайн улсад ажиллуулж амьдруулах бололцоог хангахад анхаарч ажиллаж байна. Одоогийн 28 мянган иргэний 4000 нь ногоон карттай байгаа бол 5000 орчим визийн зөрчилгүй иргэн байна. Тэгэхээр 28 мянган иргэний 9000 нь визийн зөрчилгүй АНУ-д оршин сууж байна гэсэн үг. Тиймээс АНУ-ын талд монгол иргэдийг визгүй болгох, визийн хөнгөлөлтөд монгол иргэдийг хамруулах асуудлыг хөндөж тавьж байгаа. Энэхүү асуудал нь тодорхой цаг хугацаа шаардагдах боловч бид аль болох улстөрийн шийдвэр гаргуулах тал дээр ажиллаж байна.

АНУ-ын иргэд 2011 оноос хойш манай улсад визгүй зорчиж байна. Мөн Монгол Улс нь  ардчилсан хөгжлийн замыг сонгосон. Энэхүү зам нь Азид загвар болж байгаа гэх мэт харгалзах шалтгааны улмаас манай иргэдэд Америкийн талаас тавьж буй шаардлагын дагуу биш визийн хөнгөлөлтөд ордог байх. Эсвэл визгүй зорчдог байх асуудлыг шийдэж өгөөч гэсэн асуудлыг хэлэлцээний хүрээнд хөндөж тавьлаа. Америкийн талаас энэ асуудалд анхаарна гэдгээ илэрхийлсэн. Хоёр тал хэлэлцээгээ үргэлжлүүлье гэдэгт санал нэгдсэн. Хэлэлцээний явцад сурах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр явж буй иргэдэд аль болох виз татгалзахгүй олгож байя гэсэн асуудлыг америкийн тал хэлсэн. Визгүй болох асуудлыг бид олон жил ярьж байгаа. Гэхдээ сүүлийн нэг жил хэлэлцээ нэлээд эрчимжсэн. Тэгэхээр хэлэлцээгээ идэвхтэй үргэлжлүүлэхээр тохиролцлоо. 

-Хоёр орны эдийн засгийн харилцаа сулавтар байгаа. Энэ тал дээр барьж буй бодлого чиглэл юу байна вэ?

-Монгол-АНУ-ын хамгийн чухал харилцааны нэг бол эдийн засгийн асуудал. Бид хоёр орны харилцааг харахдаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт бол тэргүүлэгч чиглэл гэж үзэж байгаа. Гэхдээ худалдааны салбарыг авч үзвэл сүүлийн 2-3 жилд үзүүлэлтүүд буурах хандлагатай байна. Энэ нь уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийн удаашралтай холбоотой. АНУ-аас импортоор орж ирж байгаа гол бараа бүтээгдэхүүн бол уул уурхайн тоног төхөөрөмж байдаг. Бид уул уурхайн чиглэлээр биш худалдааны бусад чиглэлийн хөгжил юу байх вэ гэдэг дээр харилцан ярилцлаа. Ялангуяа, Монголын нэг бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр брэнд болгож гаргах тухайд Америкийн талтай хамтарч ажиллая гэсэн санал тавьлаа.

Нөгөөтэйгүүр тус улсын Худалдааны яамны шугамаар энэ сард төлөөлөгчид ирнэ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХАА-н чиглэлийн хүмүүс багтсан. Монголын ХАА-н бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах, мөн АНУ-тай хамтарч Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн бусад оронд гаргах асуудлыг ярилцах юм. Энэ бол худалдааны чиглэлээр бидний судалсан чиглэл тодорхой болж байгаагийн илрэл гэж үзэж байна. Энэ хэлэлцээний явцад бид тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

Related news