Б.Сэр-Од “Улаанбаатар марафон”-д 3 дахиа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-06-04 14:41:38

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт өнөөдөр Чингисийн талбайд боллоо.

Тус тэмцээнийг Нийслэлийн ЗДТГ, ЭМСЯ, Нийслэлийн биеийн тамир спортын газар хамтран 3 дахь жилдээ зохион байгуулав.

Тэмцээнд анх 2014 онд 16 мянга, өнгөрсөн жил 18 мянга хүн оролцож байсан бол энэ жил Монгол, АНУ, БНХАУ, БНГУ, ОХУ зэрэг 20 гаруй орны 23 мянган гүйгч бүртгүүлжээ. Энэ жил оролцогчдын тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн нь нийслэлчүүд гүйлтийг дэмждэг, идэвхтэй оролцдог болсныг харуулж байна хэмээн зохион байгуулагчид онцлов.

Мөн Монгол Улсад ажиллаж байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, Австрали, Нидерланд, АНЭУ, Финланд, Канад, Итали зэрэг 21 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдний гэр бүл 100 гаруй хүн оролцсон юм.

Тэмцээнийг мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10000, 5000, 1500 метр гэсэн ангиллаар зохион байгуулав. 

Тэмцээний 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ, “Хүч” спорт хорооны тамирчин Б. Сэр-Од 2 цаг 18 минутын амжилт үзүүлж барианд орж ирлээ. Тэрбээр, “Энэ тэмцээнд гурав дахь удаагаа дараалан түрүүлсэндээ баяртай байна. Хоёрхон сарын дараа Монголын 4 тамирчин “Рио-2016” тэмцээний марафон гүйлтэд оролцох учир маш өрөлдөөнтэй байлаа. Манай дасгалжуулагч багш н.Оюунтуяа, гэр бүлийн хүн, Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ дэмждэг нь маш их урам хайрладаг. Эдний хүчээр өнөөдрийг хүртэл бэлтгэлээ таслахгүй базааж байна. Өмнөх жилийн тэмцээнийг бодвол энэ жил зам нь илүү хүнд, тойрог ихтэй байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Хоёрдугаар байрт “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Бямбажав, гуравдугаар байрт ОУХМ Ж.Олонбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга нар орлоо. Энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцсон Японы гүйгч Ямамото Ёшихиро хагас марафонд III байр эзэлсэн бол анх удаа оролцсон Кенийн тамирчид бүтэн марафонд V, VI байр эзлэв. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлсэн бол ОУХМ Б.Отгонбаяр удаах байр эзэллээ. 

Тус тэмцээний хамгийн ахмад гүйгч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн, 69 настай Г.Аюур хагас марафонд гүйсэн юм.

Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 165 км зайг тууллаа. Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, 2 дугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, 3 дугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Сонирхогчдийн гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500 мянга, 2 дугаар байрыг 400 мянга, 3 дугаар байрыг  300 мянга, 5000 метрийн  зайн  гүйлтийн  1 дүгээр байр 300 мянга, 2 дугаар байрыг 250 мянган, 3 дугаар байрыг 200 мянган төгрөгөөр тус тус шагнав. Мөн тэмцээний бүх төрөлд  4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Related news