Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал
өнөөдөр боллоо. Хурлаар үндсэн зургаан асуудал хэлэлцэн, аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд таван асуудлыг оруулахаар шийдвэрлэсэн
байна. Тухайлбал 2020 онд
иргэнд өмчлүүлсэн газрын хэмжээ, байршил, зориулалтын хэрэгжилт, мөн газрын
нэгдмэл сангийн үндсэн ангилалд гарсан өөрчлөлтийн тайланг хангалттай гэж
дүгнэсэн байна.
Харин 2021 онд иргэнд өмчлүүлэх
газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асуудлыг Хөгжлийн болон
аймгийн бодлоготой уялдуулж, ИТХ-ын Тэргүүүлэгчдийн хурлаар оруулахыг
Зөвлөлийн гишүүд дэмжсэн аж.
Мөн хурлаар хүүхдийн зуслангийн үнэ тарифт өөрчлөлт оруулахаар дэмжжээ. “Зулзага” хүүхдийн зуслан 1974 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ээлжинд 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тухайн зуслан зургаан амралтын байр, зоогийн газар, спорт талбай, урлаг, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах цогцолбор хүүхдийн зуслан юм. Амрагч хүүхдүүдийг эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амрааж, амт чанартай, хүртээмжтэй хоол хүнсээр ханган, байгалийн сайханд эрүүл, цэвэр агаарт үе тэнгийн найз нөхдийн дунд нас, хүйс, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулан “Хүүхдэд ээлтэй зуслан” болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд
өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан хүүхдэд өдөрт өгөх хоол хүнсээр дамжуулан авах илчлэг,
тос, уураг, нүүрс усны стандарт хэмжээг баримтлахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хүүхдийн зуслангийн үнэ
тарифт өөрчлөлт оруулж байгаа ажээ. Хүүхдийн зуслангийн үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлыг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэх аж.
Дараагийн нэг асуудал нь 2021 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоох асуудал байлаа. Уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт хүргүүлэхээр боллоо. Түүнчлэн 2021 онд Дархан-Уул аймгийн ойн сангаас арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх, иргэдийн түлээний мод бэлтгэх хуваарийг батлуулах саналыг зөвлөлийн гишүүд дэмжин, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар боллоо. 2021 онд мод бэлтгэлийн хэрэглээний зориулалтаар 3150м3, түлээний зориулалтаар 6130 м3, нийтдээ аймгийн хэмжээнд 9460 м3 мод бэлтгэхээр төлөвлөжээ.