АНУ-ын Засгийн газрын санхүүжилтийг нэг хоногоор сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-21 13:54:28

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрынхаа санхүүжилтийг 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэг хоногоор сунгах тухай тогтоолд гарын үсэг зурлаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.


Уг тогтоолыг Конгрессын хоёр танхим ням гарагт баталсан юм. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай өмнөх тогтоолын хугацаа даваа гарагт шилжих шөнө дууссан бөгөөд энэхүү тогтоолыг баталснаар "шатдаун" буюу төсөв батлагдаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх боломжтой болж байгаа юм. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-нд АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр зогсож, "шатдаун" 35 хоног үргэлжилсэн билээ.


2021 оны санхүүгийн жил эхлэх 10 дугаар сарын 1-нөөс өмнө АНУ-ын хууль тогтоогчид төсвийн талаарх санал зөрөлдөөнөө арилгаж чадаагүйгээс төрийн байгууллагуудын санхүүжилтийн хугацааг сунгах хэд хэдэн тогтоол баталсан юм. 


2021 оны төсвийн хуулийн хэлэлцүүлэг даваа гарагт үргэлжилнэ. АНУ-ын Конгрессийн гишүүд төсвийн хуулиас гадна эдийн засгаа дэмжих 900 тэрбум ам.долларын тусламжийн багцыг эцэслэн батлах юм.


Related news