Владимир Путиний уламжлалт хэвлэлийн хурал боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалт хэвлэлийн том хурлаа өчигдөр хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурлын хэлбэрийг өөрчилж, Путин Ново-Огарево дахь өргөөнөөсөө асуултуудад хариулж, сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогдсон байна. Оросын удирдагч 4 цаг 29 минутын турш 60 асуултад хариулжээ.
ОХУ-ын төрийн тэргүүн хурлаа эхлүүлж үг хэлэхдээ түүний хувьд “иргэдтэйгээ шууд харилцахаас илүү үнэ цэнтэй зүйл” байхгүй хэмээн мэдэгдэв.
Цар тахал, вакцинжуулалтын тухайд
Олон асуулт, ялангуяа хэвлэлийн бага хурлын эхэнд коронавирусний нөхцөл байдалтай холбоотой байлаа. Путиний мэдэгдсэнээр, дэлхийн нэг ч улс ийм цар тахалд бэлэн биш байсан. Гэхдээ ОХУ бусад улс орнуудаас илүү бэлэн байсан гэж тэрбээр үзэж байна. “Бид түргэн шуурхай бэлтгэж эхлэхийн тулд цаг хугацааг хожсон, эрүүл мэндийн тогтолцоо гээд цар тахалтай тэмцэхтэй холбоотой бүхнийг маш хурдан өргөжүүлж эхэлсэн” гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ коронавирусний вакциныг бүртгэсэн дэлхийн анхны улс болсныг Путин дахин дурдав. "Аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин" гэж тэрбээр Оросын вакциныг магтаад, цар тахлыг ялан дийлэхийн тулд бүх нийтийг вакцинжуулах шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Өөрөө вакцин хийлгэсэн үү гэсэн асуултад тэрбээр наснаасаа болоод хараахан хийлгэж чадаагүй байна гэж хариулав. Путин 10 дугаар сард 68 нас хүрсэн юм.
"Хэрэглээнд нэвтрүүлж байгаа эдгээр вакциныг тодорхой насны иргэдэд зориулагдсан гэж мэргэжилтнүүд бидэнд хэлж байгаа. Вакцинууд над шиг хүмүүст хараахан хүрч амжаагүй байгаа. Би дахин давтан хэлье, энэ утгаараа би хууль дүрмийг нэлээд сахидаг хүн, би мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийг сонсож байгаа тул вакциныг хараахан хийлгээгүй байгаа. Гэхдээ боломжтой болмогц би заавал хийлгэнэ" гэж Путин хэлжээ.
"Спутник" вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн судалгаанд 60-аас доош насны ердөө 76 хүн оролцжээ. 60-аас дээш насны хүмүүст туршиж үзээгүй байгаа аж.
Үнийн өсөлт ба эдийн засгийн талаар
Орост сүүлийн долоо хоногуудад яригдаж байгаа бас нэг сэдэв бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. “Росстат” буюу тус улсын Статистикийн төв газраас өнгөрсөн сард мэдээлснээр, элсэн чихрийн үнэ жилийн дундаж үзүүлэлтээс 65 хувь, наран цэцгийн тос 24 хувь, амуу тариа 21 орчим хувиар өссөн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч “байдал хүнд байгааг” хүлээн зөвшөөрсөн боловч “хэзээ ч ийм хүнд байгаагүй” гэж хэлсэн сэтгүүлчтэй санал нийлээгүй байна. 20 жилийн өмнө үүнээс ч дор байсныг Путин сануулжээ. 2000 онд нийт хүн амын 29 хувь нь үгээгүй ядуу байсан, 2017 онд энэ үзүүлэлт 12.3 хувь болж буурсан бол 2030 он гэхэд эрх баригчид 6.5 хувьд хүргэхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлсэн байна.
Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд цаг тухайд нь буюу зах зээлийн аргаар нөлөөлөх боломжтой байх үед хариу арга хэмжээ авах ёстой байсан гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ. Түүний хэлснээр, одоо “хамгийн чухал нь цаашид улам өсгөхгүй байх явдал юм”.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, тус улсын ДНБ 3.6 хувиар буурсан нь АНУ болон Европын тэргүүлэгч орнуудынхтай харьцуулахад бага үзүүлэлт юм. Түлш, эрчим хүчний салбараас шалтгаалан аж үйлдвэрийн үйлдвэрлэл 3 хувиар доошилсон боловч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиар өссөн бөгөөд, жилийн эцсээр 2 хувьд хүрч магадгүй байна.
Цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл 4.7 хувиас 6.3 хувь болж өссөн боловч бодит цалин 1.5 хувиар өсөж магадгүй аж.
Нефть, байгалийн хийн салбарын орлогоос хараат байдал хэвээр байгаа боловч Орос улс “нефть, хийн өргөс гэж нэрлэгддэг зүйлээс салж эхэлж байна”. Путиний хэлснээр, "ОХУ-ын төсвийн 70 хувь нь нефть, хийгээс олдог орлогоос бүрдэхээ больжээ".
Цар тахлын улмаас Оросын эдийн засагт тулгараад буй бэрхшээлүүдийг янз бүрийн тооцоогоор 2021 оны сүүлч, 2022 оны эхний улиралд даван туулах ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
АНУ-тай харилцах харилцаа, Украины байдлын тухайд
Жо Байдены засаг захиргааны үед адаглаад ОХУ, АНУ-ын харилцааны зарим асуудлууд шийдэгдэж эхэлнэ гэж Путин найдаж байна. Оросын удирдагчийн онцлон тэмдэглэснээр, Америкийн одоогийн удирдагч Дональд Трамп дотоодын асар их дэмжлэгтэй бөгөөд Москвагийн ойлгож байгаагаар бол тэрбээр улс төрын амьдралаа орхихгүй аж.
Украин-Оросын харилцааг хөгжүүлэх хэтийн төлөв Киевийн байр сууринаас ихээхэн хамаарна гэж үзэж байна.
Гэр бүлийнх нь амьдралыг мөшгиж байгаа тухай болон Навальныйтай холбоотой хэргийн тухайд
Путин бизнес эрхлэгч Кирилл Шамаловын талаар саяхан гарсан сурвалжлага болон сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсантай холбоотой хэргийн талаар анх удаа тайлбар өглөө.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын Ерөнхийлөгчийн хамгийн бага охин гэж нэрлэж байгаа Катерина Тихоноватай гэрлэсний дараа Шамаловын хөрөнгө хурдацтай өсөж эхэлсэн тухай материал өмнө нь “Важные истории" сонинд нийтлэгджээ. Путин Шамаловын тухай сурвалжлахыг “зүйвэрлэж бичсэн зохиол” гэж нэрлэсэн байна. Түүний үзэж байгаагаар, нийтлэлийн захиалагч нь АНУ-ын Төрийн Департамент болон тусгай албад бөгөөд Оросын дотоод улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцож, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролдох зорилго агуулж байгаа аж.
Энэ долоо хоногт Америкийн "CNN" телевиз, Германы "Spiegel" сэтгүүл болон "Bellingcat" цахим хуудас сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ОХУ-ын Аюулгүй байдлын албаны найман ажилтныг мэддэг бөгөөд өөрийг нь удаа дараа хордуулахыг оролдсон гэж мэдэгдсэн материалыг энэ долоо хоногт нэгэн зэрэг нийтэлжээ. Путин энэ нийтлэлтэй танилцсан бөгөөд үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Алексей Навальныйтай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг “Америкийн тусгай албаны материалыг ёсоор болгосон” гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Түүний хэлснээр, Германд эмчлүүлж байгаа Навальный Америкийн тусгай албаны дэмжлэгийг авдаг боловч энэ нь "түүнийг хордуулах ёстой гэсэн үг биш юм."
Фурголын хэрэг ба Сафроновыг буруутгасан тухайд
ОХУ-ын Ерөнхийлөгч захиалгат аллагын хэргээр баривчлагдсан Хабаровск мужийн амбан захирагч асан Сергей Фургалтай ямар ч асуудалгүй байсан гэдгээ мэдэгдэв. Путиний хэлснээр, бүс нутгийн захирагч асан "Холбооны улсын эрх баригчдад үнэнч хүн байжээ". Фургалын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг нь улс төрийн мөрдөн шалгалт биш гэдгийг тэрбээр батлан хэлсэн байна.
Роскосмосын тэргүүний зөвлөх, сэтгүүлч асан Иван Сафроновыг эх орноосоо урвасан гэж буруутгасан нь түүний сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоогүй гэж Путин мэдэгджээ. Түүний хэлснээр, Сафроновын хэрэг Дмитрий Рогозиныг Засгийн газарт болон Роскомост ажиллаж байх үед туслах, зөвлөхөөр ажиллаж байсан үетэй нь холбоотой байна”.
Оросын Ерөнхийлөгч "Коммерсантъ" сонины сэтгүүлч Андрей Колесниковоос тавьсан Сафроновын талаарх асуултад хариулахдаа урвалт бол хамгийн том нүгэл гэж хэлжээ.
ОХУ-ын шүүх, хууль сахиулах тогтолцоо улс төрийн хувьд хараат бус байж, хүн бүрт тэгш хандана гэдэгт Путин итгэлтэй байна.
2024 оны төлөвлөгөө, дэлхийн удирдагчдын тухайд
Путин 2024 оны сонгуульд оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна. “Сонгуульд оролцох эсэхийг нь ард түмэн шийднэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Путин бусад орны удирдагчдыг хэзээ ч сайн, муу гэж хувааж байгаагүй бөгөөд асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын хувьд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүн бүртэй ажиллахад бэлэн байна гэв.
Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай олон удаа санал зөрөлддөг ч тэрбээр хэлсэн үгэндээ хүрч, "сүүлээ сэгсэрдэггүй" гэж тэрбээр онцлон ярьсан байна.
“Умардын урсгал-2” төсөл ба улс орныг хийгээр хангах талаар
ОХУ-ын Ерөнхийлөгч “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг тавьж дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү төсөл нь Европт, тэр дундаа Герман улсад эдийн засгийн хувьд ашигтай болохыг тэрбээр тэмдэглэсэн байна. Путин мөн ОХУ АНУ-ын зүгээс энэ төсөлд хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна хэмээн мэдэгдэв.
ОХУ-ын хөдөө тосгодыг хийгээр хангах ажлыг хурдацтай явуулж, 2025 он гэхэд орон даяар 90 хувийн түвшинд хүргэнэ гэж Путин батлан хэлсэн байна.
Хилээ нээх, дотоодын аялал жуулчлалын тухайд
Оросын эмч, мэргэжилтнүүд зөвшөөрсөн даруйд хилээ "аль болох хурдан" нээнэ гэж тус улсын төрийн тэргүүн амлав. ОХУ-ын жуулчид жилд дунджаар 35 тэрбум ам.доллар гадаадад зарцуулдаг. Хэрэв тэд энэ мөнгөө дотооддоо зарцуулж эхэлбэл "энэ нь маш сайхан байх юм" гэж Путин онцлон хэлжээ.
Салбарыг дэмжих ажлын хүрээнд аялал жуулчлалын төлбөрийг буцааж олгох хөтөлбөрт зарцуулагдаагүй хөрөнгийг ирэх жилийнх рүү шилжүүлэх бөгөөд үүнд хуваарилагдсан 15 тэрбум рублийн ердөө 1.2 тэрбумыг зарцуулсан байна.