Дэл уулын гайхамшиг олны хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-27 17:51:43

Монгол Улсын Үндэсний музей,  “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ хамтран зохион байгуулж буй “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд өнөөдөр болов. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн ТГД П.Цагаан оролцон үг хэллээ. Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хийх гэж байна. Үүний хүрээнд олон арга хэмжээ болно. Тэдгээрийн нэг нь өнөөдөр үүдээ нээж байгаа “Дэл уулын гайхамшиг” сэдэвт хадны зургийн үзэсгэлэн юм. Монгол Улс зөвхөн газрын хэвлийнхээ баялгаар гайхамшигтай биш, Монгол орны уул, хад хүртэл дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг биедээ тээж ирсэн гайхамшгийг энэ үзэсгэлэнгээс харах болно.

Монголын Алтай, Хангай, Хэнтий, Саяны салбар уулсуудад нийтдээ 500 гаруй хадны зургийн цогцолбор газар бий. Өнөөдрийн энэ үзэсгэлэн Монгол Улсын үндэсний музей, “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын санаачилга, зүтгэлээр үүдээ нээж байна. Үзэсгэлэнд 9 бээр газар дахь 9000 гаруй янз бүрийн амьтны дүрс зураг, олон янзын хүний зураг, мөн эртний бичгийн соёлыг харуулсан ховор нандин соёлын өвийг дэлгэн харуулж байгаа юм" гэлээ.

Үзэсгэлэнд Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд орших эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургуудын гэрэл зураг, тэдгээрээс сэдэвлэн зураач, барималчдын туурвисан бүтээлүүдийг дэлгэжээ.

 

 

 

Related news