Хүний эрх сонгуулийн үндсэн бүрэлдэхүүн байх ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-27 16:29:54

Хүний эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал хийх үеэр "2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд хүний эрхийн асуудлыг түлхүү тусгах хэрэгтэй" хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэдгээр иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрх, хөгжлийн төлөөх Форум-Ази олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр сонгуулийг урьтаж энэ сарын 25-26-ны өдрүүдэд "Улстөрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийн асуудлууд" нөлөөллийн уулзалтыг АН, МАН, МАХН, ИЗНН зэрэг долоон намын удирдлагуудтай хийсэн байна. Энэ үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг дөрвөн хэсэгт багцлан, улстөрийн намуудын төлөөлөлд танилцуулга хийн, хүний эрхийн талаар цаашид анхаарвал зохих, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийсэн аж. Намууд энэ үеэр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохын хувьд ялангуяа сонгуулийн үеэр хүний эрхийг сахин хамгаалахад илүүтэй анхаарах шаардлагатай гэдгээ энэ үеэр дахин сануулав. Түүнчлэн УИХ болон Засгийн газарт шинээр сонгогдсон нөхцөлд тэдгээр өндөр албан тушаалтнууд шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэлээ.

Үүний зэрэгцээ сонгогчид сонгуулийн эрхээ бодитойгоор эдэлж, ардчиллын үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа иргэний нийгмийн байгууллагынхан онцолсны зэрэгцээ нэг сарын дараа болох УИХ-ын сонгуулийг ил тод, шударга, хүний эрхийг хангасан нөхцөлд зохион байгуулахыг СЕХ болон бусад байгууллагуудад уламжиллаа.

Б.Туул

 

Related news