Зургаан нэр дэвшигч хасагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:42:46

Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд нэр дэвшигч нарынхаа материалыг хугацаанд нь ирүүлжээ.

Нийтдээ 4 намын 81 нэр дэшигчийн материал ирсэн байна. Үүнээс 6 нэр дэвшигч хуульд заасан материалаа бүрэн ирүүлээгүйгээс тэднийг бүтгэхээс татгалзсан тогтоол гарсан ажээ. Ингээд 75 нэр дэвшигчийг бүртгэсэн гэж Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Нэр нь хасагдсан хүмүүсийг сонгуулийн хорооноос яагаад хассан талаараа дэлгэрэнгүйгээр танилцуулсан юм. ХҮН-аас Данзадгад сумын 17 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Оюунбат хуульд заасан өр төлбөрийн маягтыг бөглөж ирүүлээгүй бол МАХН-аас Ноён сумын 7 дугаар тойрогт нэр дэвшсэн н.Ганбат нь АН-ын гишүүнчлэлтэй байсан тул хасагджээ. Мөн МАХН-аас Гурвантэс сумын 4 дүгээр тойрогт нэр дэвшсэн Д.Даваасамбуу, мөн тухайн намаас Даланзадгад сумын 16 дугаар тойрогт нэр дэвшсэн П.Батбаатар нар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас гарах өргөдлөө заасан хугацаанд өгөөгүй учраас ийн хасагдсан байна. Харин МАН-аас Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Батаа, Номгон сумын 8 дугаар тойрогт дэр дэвшсэн С.Цэрэнбаяр нарыг бүрдүүлэх ёстой баримт бичгээ дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихээс хассан ажээ.  

Өмнөговь аймгийн ИТХ-д 33 мандаттайгаар ийнхүү 4 намын 75 нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байгаа юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 


 

Related news