Зээлийн хүүг 4 жилд 4 нэгж хувиар бууруулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хадгаламжийн хүү түүхэн доод түвшинд буюу 11 хувьд хүрээд буйг Монголын Банкны холбооноос өнөөдөр мэдээллээ. Монголбанкнаас хэрэглээний зээлийг хязгаарлаж, макро бодлогын арга хэмжээ авснаар оны эхэнд хэрэглээний зээл 17 орчим хувиар буурчээ.
Тодруулбал, банкуудын олгох зээл эхний хагас жилд 4.6 хувь буурч, 17.3 их наяд төгрөг болжээ. Энд автомашин, цахилгаан бараа авах зэрэг иргэдийн хэрэглээний зээл 17 хувь буурсан нь голлон нөлөөлжээ.
Нэг талаас ААН-үүдэд мөнгөний урсгал дутагдаж байна. Улмаар банкны харилцах дансны дүн буурсан. Нөгөө талаар борлуулалт буурснаар ААН-д олгох арилжааны банкуудын зээл багассан нь нийт зээл буурахад голлон нөлөөлжээ. Зээл буурахаас гадна эдийн засаг удааширсантай холбоотой чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ.
Уул уурхайн салбарын 3 зээл тутмын нэг нь, тээврийн салбарын 5 зээл тутмын нэг нь чанаргүйтэж байна. Оны эцэс, ирэх жилийн эхэнд чанаргүй зээл илүү их нэмэгдэх хандлагатай байгаа юм. Уул уурхайн салбарт гэхэд чанаргүй зээл 30 хувьд хүрээд байгааг дурдлаа. Тэр дундаа хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл, оны эхнээс 23 хувь, жилийн 34 хувь болон өсөж, 1 наяд төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн багцийн 5.8 хувийг бүрдүүлж байна. Иргэдийн хугацаа хэтэрсэн зээл жилийн 21 хувь, бизнесийнх 41 хувь өссөн байна.
"COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд зайлшгүй хэрэгжүүлсэн хөл хорио, хилийн боомтуудыг хааснаар уул уурхай, худалдаа, тээврийн салбарт нөлөөлж, улмаар эдийн засаг 9.7 хувиар агшлаа. Энэ нь банкын салбарт нөлөөлж, I улиралд зээл олголт жилийн 2 хувиар, II улиралд хурдасч 11 хувиар буурчээ. Харилцах дансны үлдэгдэл оны эхний хагас жилд 9 хувиар буураад зогсохгүй (Энэ нь төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой), иргэдийн орлого доошилсноор хадгаламж барьцаалсан зээлийн олголт 3 хувиар өссөнийг Монголын Банкны холбооны гүйцтэгэх захирал Л.Амар мэдээлэв.
Нийт хадгаламж 16 хувиар огцом өсөхөд ам.долларын хадгаламж нөлөөлснийг дурдлаа. Учир нь өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг тогтмол чангарч ирснээр иргэд, байгууллагууд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлжээ. Ялангуяа сонгуулийн дараа валютын ханш өснө гэсэн хүлээлт өндөр байсан ч харьцангуй тогтвортой байна гэв. Оны эхний хагас жилд ам.долларын хадгаламж 48 хувиар өссөн нь нийт хадгаламжийн өсөлтөд нөлөөлж, 16 хувиар нэмэгджээ.
Энэ мэтчилэн Монголын Банкны холбооноос өнөөдөр банкны салбарын төлөв байдал, цар тахлын үеийн макро эдийн засгийн болон банкны салбарын орчны талаар мэдээллээ.
Монголын Банкны холбооноос хийсэн мэдээллийн үеэр Зээлийн хүүг бууруулах стратегийн талаар хөндсөн юм. УИХ-аас баталсан Зээлийн хүүгийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх 47 арга хэмжээний 38 буюу 80 орчим хувь нь макро эдийн засгийг тогтворжуулах, валютын ханшийг тогтвортой байлгах, валютын нөөц нэмэгдүүлэх зэрэг макро эдийн засгийн асуудлыг авч хэрэгжүүлж байж зээлийн хүү буурна гэдгийг улстөрчид олж харж, баталсан нь сайшаалтай. Түүнээс гадна чанаргүй зээлийг бүрдүүлж байгаа зээлүүдийн нэг нь шүүх дээр маргаан үүсвэл 4-10 жил хүртэл хугацаа зарцуулж, зардал өндөр гаргаж байгаа нь зээлийн хүүг нэмэх нөлөө үзүүлж байгаа юм.
Үүнийг бууруулахаар хууль эрх зүйн орчныг сайжруулж, өөрчлөхөөр тусгасан байна. Үүний дараа банкууд өөрсдийн зардлаа бууруулах чиглэлээр ажиллах шаардлагатай. Банкууд өөрсдийн давхардсан зардлаа бууруулахын тулд Банкны холбоо банкуудтай хамтарч, бэлэн мөнгөний удирдлага, АТМ-ын дундын стандарт байгуулах, дэд бүтэц бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөснөө танилцууллаа. Ингэснээр зээлийн хүү 4 жилд нийт 4 нэгж хувиар буурах боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Related news

