Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын жишиг танхимтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-09-03 17:06:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхийг  бэхжүүлэх” төслийн хүрээнд өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг сургалтын танхим Монголд анх удаа нээгдлээ.


Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газартай хамтран барилгын салбар дахь үйлдвэрлэлийн ослыг бууруулах зорилгоор  2017-2021 онд хэрэгжүүлж байгаа юм. 



Өнөөдөр нээлтээ хийсэн тус жишиг танхим нь ЖАЙКА-гаас Барилга хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий  газартай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт юм байна.


Сургалтын танхим нь барилга хөгжлийн төвийн 5 дугаар давхарт байрлаж байгаа бөгөөд барилгын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, дадлагыг хийлгэх бүрэн боломжийг бүрдүүлжээ. Танхимд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох мэдээллийн самбар байрлуулсан төдийгүй хамгаалалтын өндрийн бүс зэрэг хамгаалах хэрэгслүүдийг турших, чанарын шаардлага хангасан шат, тавцан дээр дадлага хийх, DVD хичээл үзэх, AED “Зүрхийг автоматаар сэдээгч” төхөөрөмж ашиглан анхны тусламж үзүүлэх зэрэг дадлага, сургалтыг явуулж болох юм байна.



ЖАЙКА байгууллага нь Японд үйлвэрлэсэн шат тавцан болон AED , аюулгүйн бүс, монитор зэрэг 19 нэр төрлийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийг хүлээлгэн өгч байгаа аж. Мөн VR ”Виртуал бодит байдал” төхөөрөмжийн хувьд худалдан авалтын үйл ажиллагаа Японд хийгдсэн боловч “COVID 19” цар тахлын улмаас Монгол Улсад хараахан оруулж ирж амжаагүй юм.



Сургалтын танхимд барилга хөгжлийн байгууллагын сургалтууд зохион байгуулах ч цаашид төрийн байгууллагын ажилтнууд, барилгын салбарын хувийн хэвшлийн, аж ахуй нэгжийн инженер техникийн ажилтан ажилчид, их дээд сургуулийн оюутнууд тус танхимийг өргөнөөр ашиглаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг, чадвараа улам гүнзгийрүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой.


Нээлтийн ёслолд Барилга хот байгуулалтын  яамны дэд сайд Э.Золбоо, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Эрико, Барилгын материал үйлдвэрлэлийн дарга Д.Гантулга, Барилга хот тохижилтйн дарга Ц.Амарсанаа нар оролцож танхимын үйл ажиллагааг нээх тууз хайчиллаа.




                                                                                                                                                                                         Э.Ариунзул

Related news