Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 73 хувийнх нь орлого буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-17 18:24:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй "COVID-19"-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдийн дийлэнх нь сайн мэдлэгтэй байгааг ҮСХ-ны судалгаагаар тогтоожээ. 

Хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд сөргөөр нөлөөлсөн байна. Тухайлбал, оны эхнээс хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан гэж хариулжээ. Малчин болон газар тариалан эрхлэгч өрхийн 70 хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ХАА-н бүтээгдэхүүний орлого буурсан хэмээн судалгаанд хариулжээ. 




Коронавирусний цар тахлаас шалтгаалан үйлчлүүлэгчдийн тоо мэдэгдэхүйц буурсан, мөн бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон нь бизнесийн орлого хумигдах гол шалтгаан болжээ. 

Хэдийгээр ХАА-н хөдөлмөр эрхлэгчид ердийнхөөрөө ажиллах боломжтой байсан ч тухайн салбарын бүтээгдэхүүний үнийн уналт, бүтээгдэхүүнээ борлуулах боломж хязгаарлагдсан зэрэг шалтгаан орлого буурахад нөлөөлсөн байна. Нийт өрхийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхийн 53 хувь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна.




Энэ бүхэн нь ҮСХ Дэлхийн банк хамтран хийсэн “Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-гаар гараад байна. Үүрэн телефонд суурилсан мэдээлэл цуглуулах аргыг ашиглан эхний шатны мэдээлэл цуглуулалтыг 5 дугаар сарын 22-29-нд зохион байгуулж, үр дүнг нэгтгэн танилцуулжээ. Коронавирусний өрхөд үзүүлж буй нөлөөг хянах зорилготой уг судалгааны дараагийн шатыг 9 дүгээр сарын эхээр явуулахаар төлөвлөжээ. 

Related news