АТГ-ын даргын томилгооны асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-11 17:51:21

Үдээс хойш үргэлжлэн хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалд Х.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 4-ний өдөр Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн юм. Уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байсан. Харин өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хороо хуралдааныхаа эхэнд хэлэлцэх асуудлын дараалалдаа оруулсан юм. Гэвч үдээс хойшхи хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АН-ын бүлэг АТГ-ын даргыг томилох асуудлыг бүлгээр авч хэлэлцээгүй. Учир нь байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байсан юм. Тиймээс судалж, танилцах үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна” гэсэн юм.

Авлигатай тэмцэх газрын өмнөх дарга Н.Ганболд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байгаа учир түүний оронд тус албан тушаалд томилгоо хийх шаардлагатай болоод байгаа юм. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар, “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.

Н.Туяа

Related news