О.Чулуунбилэг: Мод тарихаас гадна арчлалтад шаардагдах санхүүжилт чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63 дугаар зарлигийг хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжсэн сүүлийн 7 жилд хавар, намрын улиралд бүх нийтээрээ мод тарьдаг болоод буй. 2010-2015 оны хооронд нийт 12 удаагийн бүх нийтээрээ мод тарих өдрүүд болж өнгөрсөн ба 1.143.1 мянган иргэн, 49.1 мянган аж ахуй нэгж, байгууллага оролцож, 9.1 сая мод тарьж ургуулсан байна.
Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, "2010 оны Ерөнхийлөгчийн мод тарих үндэсний өдрийг зарлах тухай зарлиг, 2013 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 178 дугаар зарлиг нь нийтээрээ мод бут тарьдаг, түүнийгээ арчлан хамгаалдаг хэвшилтэй болох, нийслэл хот, аймаг сум дахь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой. Зарлигийн хүрээнд 9.1 сая мод тарьснаас нийт ургалтын хувь хэмжээг 63 хувьтай гэж дүгнэж байгаа. Энэ дүн бол манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд бас тийм ч муу дүн мэдээ биш. Хамгийн гол манай иргэд мод тарьдаг дадалтай болсон. Одоо дараагийн түвшинд тарьснаа арчилж торддог, арчилгаанд шаарддаг санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна" гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд ч мод тарихын зэрэгцээ арчлалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн мод тарихдаа хөрсний шимт байдал, салхины хурд хүч аль газарт ямар хэмжээтэй байдаг тухай судалж тогтоох, мод бүхий газарт газар эзэмшүүлэхгүй байх, тарьц суулгаж буй иргэдэд өгөх урамшууллыг бий болгох, усалгааг саарал усаар шийдэх зэрэг санал дэвшүүлж байв.
Мод тарих ажлын хүрээнд энэ жилээс тарьсан бүх моддыг тусгай кодоор бүртгэлжүүлсэн мэдээллийн сантай болох гэнэ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ