Ж.Батзандан: Оффшорын эсрэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-11 13:24:35

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ оффшор данстай холбоотой мэдээллийг шалгаж өгөх хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, "Улстөрчдийн болон тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан эсэх, хуулийн дагуу татвараа төлсөн эсэх зэрэг асуудлыг тодруулахаар АТГ-д хандаж байна. Авлигатай тэмцэх газар 14 хоногийн дотор бидэнд хариу ирүүлэх ёстой. Мөн 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулна. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэхүү хуулийн төслөөр хориглосон байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд оффшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг хориглосон" гэлээ.

Түүнчлэн оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Европын холбоо, Япон, БНХАУ зэрэг орон оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудаа мөрдөн шалгах, тайлбар мэдүүлэг авах ажлаа эхлүүлсэн гэдгээ зарлаж байгаа. Иймд Монгол Улс ч мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Б.Туул

Related news