Л.Пүрэвсүрэн: Гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох боломжгүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-10 16:07:38

Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан гадаадад оршин суугаа Монгол иргэд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр болсон “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр онцлов.

Сонгуулийн тухай хуулиар Гадаадад байгаа иргэд нэр дэвшигчид санал өгөх боломжгүй байдаг тул өмнөх сонгуулиудад зөвхөн жагсаалтад буюу сонгуульд оролцож буй улс төрийн хүчинд санал өгдөг байжээ. Ингэснээр жагсаалтаар сонгогдсон гишүүд гадаадад байгаа иргэдийн төлөөлөл болдог байсан юм. Гэвч жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна хэмжээн үзэж, 76 тойрог, 76 нэр дэвшигчтэй болсноор гадаадад байгаа орчшин суугчид саналаа өгөх боломжгүй болж байгаа юм хэмээн Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Тэрбээр, “Энэ жилийн сонгуулиар байгуулагдах УИХ дараагийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа гадаадад байгаа иргэдийн сонгох эрхийг хангахад анхаарах хэрэгтэй”-г онцлов.

Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын хэлэлцээнд гарын үсэг зурна

БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдааны протокольд гарын үсэг зурсан.

Хоёр орны хооронд улс төрийн маргаантай эсхүл нэн яралтай шийдвэрлэх шаардлагатай асуудал байхгүй тул Засгийн газар хоорондын хуралдаанаар эдийн засгийн хамтын ажиллагааны талаар түлхүү хэлэлцсэн гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Хуралдааны үеэр 2014 онд БНХАУ-ын дарга Си Зинпинь Монгол Улсад айлчлал хийх үед тохиролцсон “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж далайд хүрэх хэлэлцээ”-г хэрэгжүүлэх талаар түлхүү хэлэлцсэн. Уг хэлэлцээнд Монгол Улсын 4 боомтыг “Олон Улсын боомт” статустай болгож, БНХАУ-ын 8 боомтоор ашиглан далайд гарах талаар тохиролцсон байна. Хэлэлцээг хэрэгжүүлэхийн тулд 1994 онд байгуулсан Боомтын хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Тиймээс Боомтын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг энэ оны эхний хагаст багатаан шийдвэрлэх болжээ.

Мөн Засгийн газар хоорондын хуралдааны үеэр ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээнд энэ оны зургадугаар сард Ташкентад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр болох  Монгол, ОХУ, БНХАУ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

Нэг тэрбум ам.долларыг дэд бүтцийн салбарт зарцуулна

Гадаад хэргийн сайд дөрөвдүгээр сарын 27-29-ний өдөр Энэтхэгт албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Энэтхэг Улсаас Монгол улсын дэд бүтцийн салбарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Монгол Улсын Засгийн газраас уг зээлийн ихэнх хэсгийг төмөр замын салбарт хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн байна. Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан тул УИХ-ын хаврын чуулганаар соёрхон батлах шаардлагатай байгаа аж. Одоогоор зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах асуудлыг Сангийн яам боловсруулж байгаа юм байна.

“Монгол орны хөгжилд” чуулган Парис хотноо болов

ГХЯ, Цахим Өртөө ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, БН Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулганыг өнгөрсөн сарын 30-нд Парис хотын алдарт Галерей Ла Файет Их дэлгүүрийн хурлын танхимд зохион байгууллаа.

Чуулганд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, түүнчлэн дэлхийгээр тархан амьдарч байгаа монгол угсаатан ахан дүүст чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Дэлхийн Монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Чуулганд Франц, Англи, Итали, Герман, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 12 илтгэгч аялал жуулчлал, соёл урлаг, архитектор, мэдээллийн технологи, оюуны өмчийн салбаруудад Монгол Улсад нэвтрүүлэхүйц шилдэг туршлага, саналын талаар илтгэл танилцуулсан ба Франц, Герман, Их Британи, Бельги зэрэг орноос 140 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр ирэх сарын 7-ноос хэрэгжинэ

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох нот бичгийг хоёр улсын ГХЯ хооронд энэ сарын 8-нд солилцов. Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу ирэх сарын 7-ноос хүчин төгөлдөр болох юм.

Энэхүү хэлэлцээрээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой. Монгол улсын хувьд японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгдэх боломжтой болно.

Хэлэлцээрт заасны дагуу монголын талаас 5 мянга 700 бараа бүтээгдэхүүн, японы талаас 9 мянга 300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас  чөлөөлөх юм. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд монголын гаралтай үндэсний бүтээгдэхүүнээ хөнгөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болно

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болно. Уг уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, 2 олон улсын байгууллагаас 160 орчим төлөөлөгч оролцох аж.

Уг уулзалт нь АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр гарах баримт бичгүүдийн агуулгад оруулах байр сууриа илэрхийлэх аж. Дээд хэмжээний уулзалтын үеэр “АСЕМ-ын 20 жилийн ойн баримт бичиг”, “Улаанбаатарын тунхаглал”, “Даргалагч орны мэдэгдэл” зэрэг баримт бичиг гарах юм. Уг баримт бичгүүдэд Европ, Азийг хамарсан томоохон асуудлуудын талаар тусгах тул ахлах албан тушаалтнуудын уулзалт туйлын чухал гэдгийг Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авав.

-Япон Улсаас оруулж ирэх бүх автомашиныг татваргүй болгох уу?

-Зөвхөн шинэ автомашиныг гаалийн 5 хувийн татвараас чөлөөлнө. 1-3 жилийн хооронд ашигласан автомашиныг мөн чөлөөлж байгаа. Онцгой татвар зэрэг бусад татварыг 10 жилийн дотор үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авна. Хэлэлцээрийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид зөвхөн худалдан авалт хийхээс гадна бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ. Тухайлбал, Япон улс чяцаргана жимсний гаралтай болон сүлжмэл бүтээгдэхүүний 12 хувь, арьс, ширэн бүтээгдэхүүний 24 хувийн татварыг тэглэж байгаа.

-Хойд Солонгост Монголын тугтай усан онгоц зэвсэг тээвэрлэсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Монгол Улс Сингапур улстай усан онгоцны хамтарсан компани байгуулж, Монголын далбааг байрлуулах ажлыг олон жил хийж байна. Сүүлийн жилүүдэд Монголын далбаатай усан онгоц хэрэгт холбогдох тохиолдол гарсан. Тиймээс өнгөрсөн онд бид Сингапур улстай хамтран байгуулсан компанийг татан буулгаж, нэмж төрийн далбаа байрлуулахаа больсон. Одоогийн байдлаар бид хэдэн орны онгоцонд Монголын далбаа байгаа тухай судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

-ОХУ-аас БНХАУ руу төмөр зам тавьж, нүүрс экспортлох боллоо. Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортод нөлөөлөх үү?

-Энэ бол шинэ зүйл биш. ОХУ Япон, БНХАУ зэрэг олон улсад жилд 30 сая тонн нүүрс экспортолдог. БНХАУ их хэмжээний нүүрс хэрэглэдэг. Тиймээс манай нүүрс БНХАУ руу нүүрс нийлүүлэх боломж хэзээд нээлттэй байна. Харин бид үнэ, тарифаас эхлээд өрсөлдөх боломжоо л хангах нь зөв.

Ч.Ариунболд

Related news