ШЕЗ: Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураагаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-27 17:19:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд "Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ. 


Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн талаарх мэдээ өгсөн. Тус мэдээнд иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.2 сая ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.4 сая ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн тогтоолыг тусгасан байсан. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн юм.


Иймд илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаарджээ. Цаашид дээрх худал тайлбар мэдээг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг мөн мэдэгдсэн байна.

Related news