Тусгаарлах байранд 49 эмч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-13 11:55:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 4.3 сая хүн өвчилж, 292 мянган хүн нас барсан бол 1.6 сая хүн эдгэрчээ. Харин  2.4 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 83 мянган хүн коронавирусээр халдварлаж, 5000 гаруй хүн нас баржээ. 


Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусний 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар, ажиглах байранд нийт 945 хүн байгаа бөгөөд тэдэнд 49 эмч, резидент эмч тусламж үзүүлж байгаа юм.

Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 3500 гаруй зорчигчид коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийж байна.

ЗӨСҮТ-ийн баг Гуанжу-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр онгоцны 1000 гаруй ачаа тээшийг халдваргүйтгэжээ.

Коронавирусний халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг шуурхай 119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн дотор нийт 224 дуудлага иржээ. Мөн “Шуурхай 119 аппликэйшнээр дамжуулан 40 дуудлага ирснээс АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаарх зөвлөгөө авсан  хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр дурдав.

Мөн тэрбээр хүүхдүүд амны хаалтгүй гадуур явж, ундаа, зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгаа талаар иргэд мэдээлж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэх нь халдвар дамжуулах, тараах эрсдэлтэйг анхаарууллаа.

Related news