Үлээвэр хөгжмийнхөн “Сахалинск III” наадамд амжилттай оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-24 15:42:34

Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид ОХУ-ын Өмнөд Сахалинск мужид Олон Улсын цэргийн үлээвэр хөгжмийн “Сахалинск III” наадамд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

Тус наадам хоёр жилд нэг удаа болдог олон улсын цэргийн хөгжмийн наадам бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-Цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа Ц.Батсайханаар ахлуулсан Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 50 гаруй уран бүтээлчид оролцож, нээлт хаалтын арга хэмжээнээс гадна тус мужийн 5000 гаруй оршин суугчдад зориулж 4 удаагийн тоглолтыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ Монгол Улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан Зэвсэгт хүчний цэргийн хөгжмийн сүр хүчийг илтгэн харуулсан аж.

Мөн Чөлөөх дайны 70 жилийн ойн хаалтын ажиллагаа болон ”Сахалинск III” наадмийн нээлтийн арга хэмжээг тохиолдуулан тус наадамд оролцож байгаа уран бүтээлчид “Мемориал Славы” хүндэтгэлийн цоггцолборт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.  

ОХУ-ын Өмнөд Сахалинск мужид Олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн “Сахалинск III” наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний ҮЖҮНХ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдээс гадна ОХУ-ын БХЯ-ны цэргийн төв үлээвэр найрал хөгжим, Москва хотын цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Екатеринбург хотын төв тойргийн цэргийн найрал хөгжим, Хабаровски мужийн дотоодын цэргийн үлээвэр хөгжим,  Өмнөд Сахалински мужийн Үлээвэр найрал хөгжимийн  250 гаруй цэргийн үлээвэр хөгжмийн уран бүтээлчид оролцсон байна.

Related news
Comments