Аймгийн хэмжээнд 60.0 мянган га-д үлийн цагаан оготно устгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн хэмжээнд үлийн цагаан оготнотой
тэмцэх үйл ажиллагааг нийт 60.0 мянган га бэлчээрийн талбайд явуулж байна. Энэхүү ажил нь бэлчээрийн
доройтол, ган, зуд, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх
зорилгоор хийдэг ажээ.
Дээрх ажил нь тус аймгийн Орхон, Орхонтуул, Сайхан, Хушаат, Шаамар, Алтанбулаг, Мандал, Баянгол зэрэг суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд тус сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулан ажиллаж байна. Харин Сант, Баруунбүрэн суманд орон нутгийн санхүүжилтээр үлйин цагаантай тэмцэх ажлыг хийх бөгөөд сумдын удирдлагуудад хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ.
Эдгээр сумд нь Сэлэнгэ аймгийн тухайд бэлчээрийн гол бүс нутаг юм. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх эл ажиллагаанд нийт 10 сумын бүртгэлтэй ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган оролцуулах аж. Энд сум тус бүрээс 10 иргэнийг долоо хоногийн хугацаанд цалинжуулж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллаж байгаа юм байна. Устгалын ажил 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энгийн механик, биологийн гэсэн аргыг ашиглан хийж байгаа юм байна.
