Буруу ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацвал хариуцлага хүлээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-11 21:21:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Олон нийтийн сүлжээгээр ЭМЯ, ДЭМБ, MХЕГ, ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймагт ажиллаад явсан талаар сөрөг мэдээлэл нэлээд гарч байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар дараах мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв, аймгийн ЭМГ-аас ариутгалын ажлыг Алтанбулаг, Сүхбаатар боомт, аж ахуйн нэгж байгууллагууд дээр тогтмол хийж байна. Мөн аймгийн Онцгой комиссын байранд ирж хандив тусламж үзүүлсэн хүмүүсийг явсны дараа, түүнчлэн цахим орчинд цацагдаад байгаа энэхүү албан уулзалтын дараа ч ариутгалын ажлыг хийж, тухайн орчныг халдваргүйтүүлж байгаа болохыг албан ёсоор мэдэгдье.

Ариутгалыг мэргэжлийн хүмүүс мэргэжлийн түвшинд хийж байгааг ард иргэд ойлгоорой. Цахим орчинд эх үүсвэргүй, буруу ташаа, таамаг төдий мэдээллийг цацаж, олон нийтийг цочролд оруулахгүй байхад нийт иргэд анхааралтай байгаарай. Хэрэв буруу ташаа, таамаг төдий мэдээллийг зөвшөөрөлгүй, зурагтай олон нийтийн сүлжээнд цацвал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг мэдэгдье.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн мэдээгээр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Монгол Улсад ажилласан ДЭМБ-ын төлөөлөгчдийн шинжилгээний хариу сөрөг гарч нутаг буцсан талаар албан ёсны тайлбарыг өгсөн.

Нийт ард иргэддээ онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, тэр тусмаа бага насны хүүхдүүдийг худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэхгүй, гадуур явуулахгүй байхад онцгойлон анхаарна уу.

 

Related news