Өлгий сумын цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-23 09:35:53

Өлгий сумын цэвэрлэх байгууламж бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй болсноос дутуу цэвэрлэгдсэн ус Ховд голд нийлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын гол дагасан иргэдийн амьдрах орчин, ундны усны хэрэглээ хүндхэн байгааг иргэд Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа.

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймагт ажиллах үеэрээ аймгийн төвийн тохижилт болон камержуулалтын ажилтай мөн танилцсан юм. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Хяналтын камерын нэгдсэн төвийн ажилтнуудтай уулзлаа. Аймгийн төвд өнгөрөгч онд хяналтын 49 камер байрлуулснаас хойш гэмт хэргийн гаралт 40 гаруй хувиар буурч байгааг тус төвийн ажилтан, цагдаагийн албан хаагчид Ерөнхий сайдад танилцууллаа.

Аймгийн төвийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр үдээс хойш Ховд аймгийн Ховд хотод ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Related news