Азийн бүсийн хурлаас Улаанбаатарын тунхаглал гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-22 15:27:10

СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал өнөөдөр “Blue sky” зочид буудалд эхэллээ.

Тус хуралтай холбогдуулж НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, СоцИнтернийн олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын Хүндэт Ерөнхийлөгч, Италийн Парламентийн гишүүн Пиа Локатилла, СоцИнтернийн олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, Бразилийн Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Мигуэлина Векчио, СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Өмнөд Латин Америк хариуцсан Дэд Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Колумб улсын иргэн Ивонне Гонзалис нар мэдээлэл хийлээ.

НАМЭХ-ын Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “Хурлаар гурван чухал асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн өнөөгийн байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар хэлэлцэж, илтгэлүүд тавина. Хоёрдугаарт, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуудлаар санал бодлоо хуваалцаж, туршлага солилцоно. Гуравдугаарт, ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх болно” гэв.

“Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулж буй уг хуралд хуралд нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурлаас бүс нутгийн түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бодитой нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилго зорилтыг үе шаттайгаар улс орнууд өөрсдийн онцлог нөхцөл байдлыг харгалзан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэхийг зөвлөсөн “Улаанбаатарын тунхаглал“-ыг гаргах аж.

Азийн бүсийн ээлжит хурал маргааш өндөрлөнө.

Related news