Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Мөн өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 06, 13-ны өдрүүдэд хийсэн бөгөөд гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, дахин хэлэлцэхээр тогтоод байсан юм. Ажлын хэсэг дахин хуралдан гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэн боловсруулсан бөгөөд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нар санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Н.Туяа