Зээлийн хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 11:21:31

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Засгийн газрын энэ сарын 12-ны хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу эл асуудлыг хэлэлцсэн юм. Зээлийн ерөнхий нөхцөлд жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай байхаар, үндсэн төлбөрөөсөө 5 жил чөлөөлөгдөхөөр тусгасан. Мөн дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдийн хувьд хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байхаар тохиролцжээ. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улс хөнгөлөлттэй, удаан хугацааны зээлийг авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан бол байнгын хорооны дарга Ц.Баярсайхан зээлийн зориулалтыг тодорхой болгох шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэллээ. 

Ингээд тус байнгын хороо зээлийн хэлэлцээрийн асуудлыг дахин хэлэлцэхээр болов. Тус байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хуралдааны төгсгөлд өнөөдөр үдээс хойш эсвэл маргааш эл асуудлыг эргэж хэлэлцэхээр тов зарлана гэдгийг мэдэгдлээ.

Б.Туул

Related news