Номхон далай дамнасан түншлэлийн ач холбогдлыг Керри онцлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-13 12:52:10

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Калифорни муж улсад болсон арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдлыг өндрөөр үнэлжээ.

Тэрбээр Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийн эдийн засаг, стратегийн ач холбогдол бол "шавхагдашгүй " гэж тодорхойлсон байна.

Номхон далай дамнасан түншлэл нь Америк, Ази болон Австрали тивүүдийн 12 орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх зорилго бүхий олон улсын худалдааны хэлэлцээр юм.

Гэвч уг түншлэлийг эсэргүүцэгч Хиллари Клинтон "энэ хэлэлцээр нь Америкийн хөдөлмөр эрхлэгчдэд сөргөөр нөлөөлнө" гэж анхааруулсан байна.

Олон улсын бодлогын асуудал эрхэлсэн Номхон далайн зөвлөлөөс Лос-Анжелес хотноо зохион байгуулсан арга хэмжээний үеэр Керри үг хэлэхдээ "Номхон далай дамнасан түншлэл нь татварыг бууруулж, өргөжин тэлж буй зах зээлд нэвтрэх явдлыг хялбар болгож, экспортыг нэмэгдүүлэх боломж олгоно" гэж онцлон дурджээ. Тэрбээр Европын Холбоотой хамтран байгуулах гэж буй "Атлантын далай дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл"-ийн хэлэлцээрийг дэмжин хэлэхдээ "энэ нь Атлантын далайн хоёр эрэг дэх улс орнуудын эдийн засгийн хөгжилд тус дөхөм болно" гэжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

Related news