Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казаxстан Улсад хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны
бизнес чуулган болж байна.
Энд Монгол Улсаас 32 компани, ААН-ийн 40 бизнес эрхлэгч оролцож хоёр улсын
хоорон дахь хамтын ажиллагааны талаар ажил хэргийн яриа өрнүүлж байна. Чуулганы үеэр манай улсын бизнесийн төлөөлөгчид
Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй танилцлаа.
Тус
Олон улсын санхүүгийн төв (AIFC) нь Казахстаны нийслэл Астана хотноо 2018 оны
7-р сарын 5-нд албан ёсоор нээгдсэн. 2015 онд ерөнхийлөгч Н.Назарбаевын
санаачилсан "100 тодорхой алхам" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
Казахстан улсыг 2050 онд дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны нэг болгох хэтийн
зорилтыг хангахаар санхүүгийн нэгдсэн талбарыг (платформыг) бий
болгожээ.
Тус төв нь “ЭКСПО-2017” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан цогцолборт байрладаг бөгөөд Евразийн Эдийн засгийн холбоо, Төв Ази, Ойрхи Дорнодын орнууд, БНХАУ-ын баруун мужууд, Монгол Улс болон Европын орнуудын эдийн засгийн сонирхлыг татах, олон улсын санхүүгийн үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох зорилгоор байгуулжээ.
Төвийн Удирдах зөвлөлд Казаxстаны
анхны ерөнхийлөгч Н.Назарбаев болон дэлхийн
санхүүгийн томоохон корпорацийн удирдлагууд ордог байна. Уг төвийн харьяанд
"Астана" санхүүгийн үйлчилгээ үзүүлэх газар, "AIFC Court"
буюу англо-саксон эрх зүйн системд тулгуурласан шүүх, "AIFC International
Arbitration Centre" буюу арбитрын шүүх, "AIFC Bureau" санхүүгийн
салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг давтан сургах төв тус тус багтдаг байна.