Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-09 12:44:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд олгох 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Эксим банкны Ерөнхий менежер Сри Сараож Күнтиа нар гарын үсэг зурлаа.


Дорноговь аймгийн Алтанширээ суманд БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих тухай “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зөвлөх компаниар шалгарсан БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Тиймээс нэмэлт 236 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэйгээр БНЭУ-ын  Экспорт-Импорт банкнаас зээлэхээр тохирсон юм.


Монгол Улс жилд 1.3 сая тонн шатахууныг 1 тэрбум ам.доллароор худалдан авдаг байсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөхөд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байв. Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаас дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөд өртөхгүй байхаас гадна 1 тэрбум ам.долларыг дотооддоо үлдээх боломж бүрдэнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.



Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц буюу Сайншандаас үйлдвэр хүрэх 17.5 км авто зам, 27 км төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өчигдөр буюу энэ сарын 8-нд ашиглалтад хүлээн авсан (Энэ талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү). Үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан дурдлаа.


Тэрбээр, “Монгол, БНЭУ олон жилийн найрсаг харилцаатай. Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барихад тусалснаар бид найрсаг харилцаагаа дараагийн 100 жил хадгалахад чухал нөлөөтэй юм” гэлээ.

Related news