ӨМӨЗО-ы Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт айлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан ёсны ажлын айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Эл уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ӨМӨЗО-ы Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэлээ. Хөх хот нь урд хөршийн газар тариалан, техник технологи бүтээн байгуулалтын гол бүс нутаг аж. Сэлэнгэ аймаг ч мөн газар тариалангийн гол бүс учир харилцан туршлага солилцох, судлах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, өсч дэвжихэд энэхүү уулзалт үр дүнгээ өгнө хэмээн уулзалтын үеэр хоёр талын удирдлагууд онцоллоо.
Мөн энэхүү
айлчлал нь хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг
танилцуулах, хамтран ажиллахад гүүр нь болж өгөх аж. Мөн энэ үеэр Хушаат
сум дахь Монгол Улсдаа ганц төмсний үр үржүүлгийн “Элит үр” ХХК-ийн захирал
С.Нямжав ӨМӨЗО-ы “Шү юань
кан” биологи технологийн компанийн ерөнхий захирал Ши Юй-тэй, Сүхбаатар сум дахь
сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сэлэнгэ шим” ХХК-ийн захирал Д.Мөнхцэцэг ӨМӨЗО-ы Шэнь мү гао кэ
хөдөө аж ахуйн ерөнхий захирал Жан Жаван-тай хамтын ажиллагааны хэлэлцээрт
гарын үсэг зурж хамтран ажиллаж, туршлага солилцохоор боллоо.
ӨМӨЗО-ы Хөх хотод дэлхийд 8 дугаарт эрэмбэлэгддэг
сүүний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн дэлхийд 10 дугаарт
эрэмбэлэгддэг үйлдвэр ч бий аж. Хөх хотын
дарга Фэн Юйжэнь хэлэхдээ албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан аж ахуйн
нэгжүүдээ салбартаа манлайлагч, улсдаа үнэлэгдэж танигдсан томоохон аж ахуйн
нэгжүүд гэдгийг тодотгосон юм.