Н.Батцэрэг: УИХ-ын дэд даргын нэрийг пүрэв гаригт зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-05 12:46:48

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус бүлгээс УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар гарч байгаагаа мэдэгдсэн тул бүлгийн дарга Н.Батцэрэг эл асуудлаар УИХ-ын даргад албан тоот хүргүүлэхээр тогтжээ. Н.Батцэрэг хэлэхдээ, "Гишүүд бүлгээс гарах эсэхийг хэлэлцэн шийддэг хууль дүрэм байдаггүй юм байна. Иймээс тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өнөөдөр бичгээр хүргүүлэхээр боллоо" гэсэн юм.

Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс нэр дэвшигчийн нэрийг пүрэв гаригт чуулганы хуралдаан дээр сонордуулах гэнэ. Түүнчлэн Н.Батцэрэг бүлгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ удаа дараа гаргасан тул шинэ даргын томилгоог мөн л пүрэв гаригт хийх аж.

Үүний зэрэгцээ эвслийн бүлгээс нийгэмд тулгамдсан, хамгийн өндөр ач холбогдолтой асуудалд анхаарал хандуулж, жагсаалт гаргахаар болжээ. Бүлгийн мэдээллийн дараа хэвлэлийнхэн сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч нь танай намд хэзээ элссэн бэ?

-З.Баянсэлэнгэ: Намын гишүүн биш. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэхүү салбарыг өөд нь татаад явах чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг баг хамт олны туслалцаатайгаар өөрчлөн шийдэх боломжтой хэмээн үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээсний нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол өмнө нь тус салбарт удирдах албан тушаал хашиж байсан, аль Засгийн газарт ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн.

-УИХ-ын дарга сая чуулганы нээлт дээр Тавантолгойг улс орны ирээдүйн эрх ашигт нийцүүлж авч үлдлээ гэсэн үг хэлсэн. Тавантолгой төсөл дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ. Тавантолгой хөдөлгөх нь зөв байсан уу эсвэл хөдөлгөхгүй нь зөв байсан уу?

-Н.Батцэрэг: Тавантолгойн асуудал энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй учир бүлгийн хурлаар яриагүй. Ер нь анхаарал татсан том асуудал гэдэг утгаар нь бүлэг хаврын чуулганы өмнө байр сууриа илэрхийлж байсан. Бүлэг нэгдүгээрт, Үндсэн хуулийн газрын хэвлийтэй холбоотой тэдгээр зүйл заалттай уялдаж хэрэгжих ёстой. Нөгөөтэйгүүр Тавантолгойн орд монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн дотроо ярьж байгаа юу?

- Н.Батцэрэг: Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй. Миний хувьд үгүй биз дээ гэсэн итгэлтэй байна.

-О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байгаа юм?

-З.Баянсэлэнгэ: О.Баасанхүү гишүүнтэй хараахан уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр суурь гаргасан байсан. Үүнээс харахад тийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдож байсан. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр суурь нэгтгэх, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news