Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар хандлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Тогтоолын төслийг өргөн барьсны дараа Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Энэхүү тогтоолын төсөл нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал юм.
Гурвантэс сумын нутагт орших уг нурууг 2010 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, 2012 онд аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Ер нь Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шаардлага байгаа гэдгийг та бүгд мэдэж байгаа. Энэ нуруу нь улаан номд орсон хамгийн олон тоогоор нутагшсан цоохор ирвэсийн газар нутаг. Цоохор ирвэсээ дагаад аргаль, янгир зэрэг ховордсон олон төрлийн амьтан, ургамал тэр дундаа дэлхийд ховордсон тооройн төгөлтэй. Түүнчлэн Тост, Тосон бумбын нуруу нь малчдын гол бэлчээр нутаг. Өөрөөр хэлбэл зэрлэг амьтдын тухай биш говийн малчдын цаашдаа оршин тогтнох уу, үгүй юу гэсэн асуудал давхар хөндөгдөж байгаа юм.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-аар авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингэснээр 16 лицензийг цуцлах шаардлага үүснэ. Засгийн газраас одоогоор уг газар нутгийг нөөцөд авсан. Энэ нь хэсэг хугацааны дараа тус газар нутгийг ашиглах нөхцөл үүснэ хэмээн харж байгаа учраас улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэж үзэж байгаа юм" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, "Уул уурхайн үйл ажиллагаа энэ нутагт эхлэвэл 10 зүйлийн нэн ховор ургамал устах, 20 гаруй баянбүрд усаар тасалдаж ширгэх аюултай. Үүний зэрэгцээ хилийн застав хүртэл лицензийн бүсэд орсон байгаа учир Батлан хамгаалахын зүгээс эргэж харах шаардлагатай" гэлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ