“Жангар-II” олон улсын наадам ирэх есдүгээр сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-08 12:01:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн Булган сум “Жангар-II” олон улсын наадмыг ирэх есдүгээр сарын 13-15-нд зохион байгуулахаар болжээ.

Тус наадмын бэлтгэл эхэлж, Булган сумын Соёлын төвийг ордон болгон өргөтгөх ажил хийж байна. Мөн сумын төвийн зам талбай шинэчлэн засах, барилга байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн сайжруулах, мод, жимс тарих зэрэг өргөн хүрээтэй ажлууд хийж байгаа талаар нутгийн иргэд мэдээллээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Жангар” хамтлаг байгуулаад байна.

Өнгөрсөн 2015 онд Булган сумын төвд “Жангар-I” олон улсын наадам, ”Дэлхийн торгуудууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал, чуулган болсон юм.

Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс гадна БНХАУ-ын ШУӨЗО-ы Харшаар, Ховог сайр, Хар усан, Ил Тарвагатай, Саньтай, Жимсайр, ОХУ-ын Халимаг Тангыч, Буриад, Кыргиз улсууд, АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг 10 орчим газар нутгаас 300 гаруй торгууд ахан дүүс оролцож байжээ. Тэд торгууд аялгаар тод ярьж, үндэсний  хувцсаар гоёсон байв. 

Тус наадам нь торгууд угсаатны түүх соёлоо сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой аж.

Булган сум нийслэл хотоос 1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан Монгол Улсын баруун хязгаар юм. Сумын хүн ам 10 мянга гаруй, үүнээс 80 гаруй хувь нь торгууд ястан билээ.




Related news