Таван айл шар усанд автаад байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 10:02:53

Өндөр уулсын гуу, жалга болон суурин газруудын суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдан хайлахдаа  шар усны үер болох эрсдэлтэй байгааг  ОБЕГ болон орон нутгийн ОБГ-аас анхааруулж байна.

Дархан-Уул аймгийн Дархан суманд энэ сарын 20, 21-нд таван айл, өрх усанд автаж, аймгийн Онцгой байдлын газар, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан ус суваг” ТӨХК-ийн албан хаагчид  халисан усны голдирлыг өөрчлөн, 300 метрийн урттай далан суваг, шуудуу татаж, үерт автсан гэрүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Иймээс цастай уулын ам, бэл, суваг, шуудууны ойролцоо суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

Related news