Төрийн банкны Хархорин тооцооны төвийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-23 15:31:15

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Архангай аймгийн томилолтоо өндөрлүүлж, үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн Засаг дарга болон Хархорин сумын удирдлагууд угтан авлаа. 

Улсын Их Хурлын дарга тус суманд ажиллахдаа Төрийн банкны Хархорин тооцооны төвд ажиллан, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав. 

Төрийн банкны Хархорин тооцооны төв 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгож байгаа талаар захирал Д.Оюунгэрэл Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Хархорин сумын хэмжээнд 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 24 харилцагч 615 сая төгрөгийн 10 хувийн хүүтэй зээл авсан байна. Засгийн газрын тогтоолоор 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус сумын хэмжээнд 165 малчин өрхийн  425 сая төгрөгийн төгрөгийн зээлийн хүү  29.5 хувиас 18.0 хувьд шилжсэн талаарх тооцооллыг мөн энэ үеэр танилцуулж байв. Үүний үр дүнд малчны зээл авсан дээрх өрхүүд нийт 48.8 сая төгрөгийн зээлийн хүүгээс чөлөөлөгджээ. 

Улсын Их Хурлын дарга, төр засгаас хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилт тавин, энэ хүрээнд хэд хэдэн бодлого, шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ, БНХАУ, Вьетнам Улс руу мах экспортлох боломжтой болсон. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын нээсэн экспортын энэ гарцыг ердөө таван аймгийн малчид ашиглах эрхтэй байгаа. Бусад аймгуудын хувьд малын эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Архангай, Өвөрхангай аймаг экспорт хийх боломжгүй байгаа учраас нийт малчид малаа эрүүл байлгахад анхаарах хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас бодлогоор дэмжиж, малаа эрүүл байлгасан, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, малчин дансаа ашигласан малчны авах зээлийн хүүг сарын 0.8 хувь болгон бууруулсан байгаа хэмээн танилцуулсан юм. 

Хархорин суманд 25 айлын орон сууц, 60 айлын орон сууц тус тус ашиглалтад орсон байна. Сумын хэмжээнд 35 иргэн орон сууцны ипотекийн зээл авсан байдгаас Төрийн банкнаас зээл авсан 11 иргэн байдаг байна. Нийт 362 сая төгрөгийн зээл бүхий эдгээр харилцагч зээлийн хүүгээ 5 хувь болгон бууруулахаар хандаж эхлээд байгаа болохыг Улсын Их Хурлын даргад тооцооны төвийн захирал танилцуулав. Хархорин сумын иргэн Р.Отгонбаяр Төрийн банкны Хархорин тооцооны төвөөс 43.4 сая төгрөгийн зээл авсан бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр гарч зээлийн хүү нь 5 хувь болж буурснаар нийтдээ 13 сая төгрөгийн зээлийн хүүгээс чөлөөлөгдөж байгаа юм байна. 

Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж буй Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоолуудын талаар мэдээлэл хийнэ. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, тус сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Related news