Обамаг айлчлах үеэр Аргентинд аюулгүй байдлыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-23 11:05:10

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Бельгийн нийслэлд халдлага үйлдсэнтэй холбоотойгоор Аргентины эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг тус улсад айлчлах үеэр авах аюулгүй байдлын арга хэмжээг чангатгана. Энэ тухай тус улсын Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн системийн дарга Эрнан Ломбарди мягмар гарагт мэдээлжээ.

“Бельгид гарсан хэрэгтэй холбоотойгоор түгшүүрийн түвшнийг дээшлүүлэх үүргийг хэв журам сахиулах бүх хүчинд өглөө” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Аргентины Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахаар бэлдсэнийг тэрбээр мөн хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад айлчилсныхаа дараа орон нутгийн цагаар гуравдугаар сарын 23-нд шилжих шөнө хоёр өдрийн айлчлал хийхээр Аргентинд хүрэлцэн ирэх ёстой байна. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Америкийн тусгай албаныхан Обамаг айлчлах үеэр түүний аюулгүй байдлыг хангахын тулд Өмнөд Америкийн тус улсад долоо хоногийн өмнө ирж байрласан аж.

Бельгийн нийслэл хотод мягмар гарагийн өглөө цуврал халдлага үйлдсэний улмаас, хамгийн сүүлийн мэдээгээр, наад зах нь 34 хүн амиа алдсан билээ.

Д.Жаргал

 

 

Related news