Ардчиллыг дэмжихийг Обама Кастрод уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-23 09:29:56

ГАВАНА. /NHK/. Улсдаа ардчиллыг хөгжүүлэхийг Кубын удирдагч Рауль Кастрод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уриаллаа.

Обама өчигдөр буюу Кубад хийсэн түүхэн айлчлалынхаа төгсгөлд Гавана хотын театрт цугласан кубачуудад үг хэлсэн байна.

Хагас зуун жилийн дараа хоёр улсын харилцааг өнгөрсөн оны долдугаар сард дахин сэргээсний ач холбогдлыг Обама онцлоод, Кубад авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ. Кубад авсан хориг арга хэмжээг АНУ маргааш цуцалсан ч гэсэн өөрчлөлт хийхгүйгээр Куба өөрт байгаа боломжоо ашиглаж чадахгүй гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн кубачууд чөлөөт, ардчилсан сонгуулиар Засгийн газраа сонгох ёстой гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлээд, Кубын ард иргэдийн дуу хоолой, удирдагчаа сонгох сонголт, үг хэлэх хүч, нэгдлээс Кастро айх хэрэггүй гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа Обама хүний эрхийг хамгаалахын ач холбогдлыг харуулахаар Кубын ардчиллыг дэмжигч идэвхтнүүдтэй уулзжээ.

Д.Нямтулга

 

Related news