Шадар сайдын албан өрөөнд дайрч орж ирсэнээ тайлбарлахыг АТГ-аас шаардана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-22 19:22:13

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдын өрөөнд баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр Шадар сайд Ц.Оюунбаатарт хэвлэлийнхэн хандсан юм.

Ингэхэд тэрбээр, "Шадар сайдын өрөөнд өнөөдөр үдээс хойш гаднаас 4 хүн ямар ч бичиг баримт үзүүлэлгүй дайрч орж ирээд МАХН-ын дарга болон намын зарим сонгуульт ажилтай хүмүүс байхад албан бичиг өгнө гэж тулгасан.

Энэ асуудал нь Монгол Улсын хууль тогтоомж, түүний дотор Төрийн ордны тухай хууль, УИХ-ын гишүүний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын гишүүний талаарх холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.

Тухайн хүмүүсийн өөрсдийх нь яриагаар бол АТГ-ын хүмүүс гэж ойлгосон. Энэ үйлдлийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж байгаа учраас энэ тухай тайлбар гаргахыг АТГ-ын дарга Н.Ганболдоос шаардсан албан тоот явууллаа.

Энэ бол маш ноцтой асуудал гэдгийг Шадар сайдын хувьд, УИХ-ын гишүүний хувьд, хүний эрхийн  салбарт ажилладаг хуульчийн хувьд хариуцлагатай  мэдэгдэж байна. Манай улс дэлхийн дээд түвшний зочид төлөөлөгчдийг хүлээн авч, АСЕМ-ын чуулганыг зохион байгуулах гэж байна.  Энэ үед Төрийн ордонд тусгай зөвшөөрөл байхгүй атал Шадар сайдын ажлын албанд мэдэгдэлгүйгээр дайрч орж ирж байгаа явдлыг хууль зүйн дагуу мөрдөн шалгахыг шаардаж байна.  Уг үйлдэл нь хүний эрхийн наад захын хэм хэмжээг зөрчсөн. Бүр ноцтой ярихын бол Монгол Улсад хүний эрхийг хангах, төрийн албаны аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж хэрэгжихээ байсныг харуулж банйа. Өөрөөр хэлбэл гадны зочдод төдийгүй Монгол Улсын төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг сахин хамгаалах боломжгүй болсон байна гэсэн дүнгэлтэд хүрч байна" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news