Баянмөнх сумын дөрвөн байгууллагын халаалт хэвийн байдалдаа оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Баянмөнх сумын дөрвөн байгууллагын халаалт
зогссон талаар мэдээлэл ирсэн учраас тус сумын Засаг дарга Б.Цэнгэлтэй утсаар
холбогдож тодрууллаа.
Сумын хэмжээнд энэ өвлийг өнөтэй сайхан давж, хөдөө аж ахуйн салбарт болон малчдын хувьд зоо тэнэгэр байгаа ч сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Гянт Хорол” ХХК-ийн халаалтын уурын зуухны тогоо эвдэрч ЕБС, дотуур байр, ЗДТГ-ын шинэ, хуучин хоёр барилгын халаалт доголдож хөлдөх эрсдэлд хүрчээ. Өмнө нь урин дулаан цагт тус халаалтын аж ахуйн нэгжид өвлийн бэлтгэл ажил хангуулах тухай сумын Засаг даргын албан даалгаврыг хүргүүлж байж. Гэтэл хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хүндрэлтэй байгаа талаараа ярьдаг байсан байна. Одоо эвдрээд байгаа тогоог 2014 онд суурилуулсан гэнэ. Халаалт доголдсонтой холбоотойгоор дотуур байрны хүүхдүүдийг түр хугацаагаар гаргаж, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоосон аж. Хичээлийн хоцрогдлыг өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр нөхсөн байна. “Гянт Хорол” ХХК-ийн зүгээс паар хөлдөж хагарахаас урьдчилан сэргийлж усыг суллах ажил хийсэн бөгөөд шинэ тогоо авчирч, өдгөө халаалт хэвийн байдалдаа оржээ.