Монгол Улс цаазаар авах ялыг бүрэн хассаныг албан ёсоор зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 15:31:59

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 02-нд Швейцарийн Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож, үг хэлсэн талаар тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа мэдээллээ.

Тэрбээр ГХЯ-наас долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” уулзалтад оролцох үеэрээ ийнхүү мэдээлсэн юм.

Монгол Улс НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүнээр анх удаа сонгогдсоноос хойш анхны уулзалтадаа оролцож буй юм. Гадаад хэргийн сайд чуулганд хэлсэн үгэндээ ХЭЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн талаар танилцуулжээ. Мөн Монгол Улс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цаазаар авах ялыг бүрэн хассан улс болсныг албан ёсоор мэдэгдсэн хэмээн Д.Гэрэлмаа дэд захирал хэллээ.

Тэрбээр, “Уулзалтын үеэр Полшийн Гадаад хэргийн сайдтай уулзсан бөгөөд тус улсын Засгийн газраас Монгол Улсад Элчин сайдын яамаа нээхээр болсныг албан ёсоор мэдэгдсэн.

Мөн үеэр Гадаад хэргийн сайд НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дэд комиссар болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно” гэлээ.

Мөн тэрбээр ГХЯ-наас зохион байгуулахаар төлөвлөж буй гурван том арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

ГХЯ-ны дэргэдэх Олон талт хамтын ажиллагааны сангаас энэ сарын 16-17-нд “Байгалийн нөөцийг ашигтай зарцуулах нь” сэдэвт олон улсын семинар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг семинарт Киргиз, Афганистан зэрэг орны Уул уурхайн сайд нар оролцох аж. Семинарын үеэр Монгол Улс уул уурхайн салбарын бодлогоо танилцуулахаас гадна эдгээр орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон ач холбогдолтой болно хэмээн ГХЯ үзэж байгаа юм.

Монгол Улс Зүүн Хойд Азид тулгамдаж байгаа аюулгүй байдлын асуудлыг эв зүйгээр зохицуулах Олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийг санаачилсан билээ. Уг санаачилгын хүрээнд энэ сарын 17-18-нд “Зүүн Хойд Азийн Эрчим хүчний хэлхээ холбоо” олон улсын семинар болно. Семинарт БНАСУ, БНСУ, БНХАУ, Япон Улсын судлаачид оролцох юм.

Түүнчлэн энэ сарын 21-22-нд “Ази дахь ардчилсан шилжилт” олон улсын семинар зохион байгуулах юм байна. Уг хуралд Афганистан, Лаос зэрэг 10 орны төлөөлөгч оролцох аж. Монгол Улс энэ онд Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг даргалж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын ардчилсан нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ардчиллын замаар хөгжиж буй орнуудтай хуваалцах, туршлага солилцох зорилгоор уг семинарыг зохион байгуулах болжээ.

Ч.Ариунболд

Related news