Уганда улс хятад хэлийг заавал судлах хэл болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-15 13:59:29
Yesukheitumur Tumurbaatar

УГАНДА. /DAILY MONITOR/ Уганда улс дунд сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт хятад хэлийг заавал судлах хичээлээр нэмж оруулахаар төлөвлөж байна.

 

Уганда улсын Боловсролын яам дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хятад хэлний хичээлийг нэмж оруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжинд 35 сургуульд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд цаашдаа нөөц бололцоо хангалттай болсон үед боловсролын байгууллагуудад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

 

Дунд сургуулийн ахлах ангиуддаа хоёр жилийн хугацаанд заавал судлах хятад хэлний хичээлийг заахын тулд тус улсын Боловсролын яам 35 багшийг 9 сарын турш хятад хэлний багшаар бэлтгэсэн талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

 

Уг хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас дэмжиж, сургалтын материал, ном, сурах бичгээр хангаж байгааг Уганда улсын “Daily Monitor” хэвлэлд мэдээлжээ. Уганда улсын сургуулиудад хятад хэлнээс гадна англи, франц, араб, латин болон герман хэлийг заадаг байна.

 

2014 онд Өмнөд Африк хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан бөгөөд одоогийн байдлаар тус улсын 44 сургуульд хятад хэлний хичээл зааж байгаа ажээ. Үүний нэгэн адил Уганда улсын Боловсролын яам дээрх шинэчлэлийг хийж байгаа аж.

 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хятад хэл заадаг сургуулиудын тоо эрчимтэй өсч байгаагийн нэг жишээ нь Африк юм. 2004 оноос хойш БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Күнзийн сургуулиудын тоо тус тивд эрчимтэй өсч, 48-д хүрчээ.

 

Related news