Сүхбаатар сумын сурагчид монгол ухаанаар өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 13:31:24

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мөнх-Эрдэнэ номун хийд, сумын  ЕБС хамтран зохион байгуулдаг "Монгол ухаан" ёс уламжлал, зан заншлын тэмцээн 6 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнийг ЕБС-ийн бага, дунд бүлгийн сурагчдын дунд мэндчилгээ, “Бид хөх толботон Монгол хүн" сэдэвт дүрийн тоглолт, ертөнцийн гурав, хэлц үгийн тайлбар, асуулт хариулт, бүтээлийн уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулжээ.

Тэмцээнд бага бүлгийн 9, дунд бүлгийн 7 анги оролцон ангилал тус бүрээр өрсөлджээ. Сурагчид бэр гуйх, сэвлэг үргээх, золгох, битүүлэх, унага тамгалах, хүүхэд угаах, хүүхдэд нэр өгөх, гал тахих ёс гэх мэт сэдвүүдээр үзүүлбэрээ бэлтгэсэн байна. Энэ жилийн гол онцлог нь шинээр ЕБС-д орсон 6 настанууд том ангийнхнаасаа дутахааргүй өрсөлдөж оролцсон нь шүүгчид төдийгүй үзэгчдийн сайшаалыг авч байлаа.

Монгол ухаан тэмцээн нь сурагчид багш нарын хүсэн хүлээдэг тэмцээн бөгөөд наадмын хэмжээнд хүртэл өргөжин тэлж байгаа юм. Сурагчид тэмцээнээс Монгол ёс заншил, Монгол ухаан, ухамсрын талаар олон талын мэдлэгтэй болохоос гадна ой ухаан, сэтгэн бодох чадвар гээд маш олон талын мэдлэгийг өгч байгаа юм. Мөн багш нар Монгол зан заншлыг харуулсан бүлээл хийж, эцэг эхчүүд тугал хурганы нэмнээ уут хийж малчдад хандивлалаа.

Тэмцээнийг Сүхбаатар аймгийн бүх сүм хийдүүдийн хамба лам нар, Сүсэгтний холбооны тэргүүд үзэж сонирхон, шүүж, туршлага судаллаа. Тэндийн хувьд цаашид Монгол ухаан тэмцээнийг өөрсдийн сумандаа зохион байгуулахаар болсон юм.

Т. Одончимэг

 

 

 

 

 

 

 

Related news