66 ААН “И-Баримт” олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 14:34:55

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш Дорнод аймгийн хэмжээнд 66 аж ахуй нэгж татварын урамшууллын системд шилжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэсэн ч иргэдээс хуулийн хэрэгжилт муу байна гэсэн бухимдал тасрахгүй, зарим ААН баримтаа өгдөггүй, сугалааны дугаарыг нь тасалж авдаг, баримтаа хоёр хувь хувилж өгдөг зэрэг гомдол ирж байгаа талаар аймгийн Татварын хэлтсийн байцаагч ярьж байлаа. Тус хэлтсээс ажлын хэсэг байгуулан НӨАТ-ын баримт олгохгүй байгаа газруудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэн зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэнээр татварын тогтолцоонд иргэдийн оролцоо эрс нэмэгдэж байна. Дээрх хуулийн хүрээнд иргэн бүрт өөрийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувийг буцаан олгож,  төлсөн татварт нь урамшууллын сугалаа явуулж байгаа нь иргэдийг идэвхжүүлж байгаагаас гадна тухайн аж ахуйн нэгжийг хуулийн хэрэгжилтийг биелүүлэх хөшүүрэг болж байгаа юм. Хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаарт мэдэгдэх боломжтойг олон нийтэд дуулгаж байна.

Б.Туяа

Related news