Буриадын яруу найрагч Дондок Улзытуевын дурсгалыг хүндэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-02-29 16:40:27

Буриадын нэрт яруу найрагч Дондок Улзытуевын 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр Үндэсний номын санд зохион байгуулж, уран бүтээлүүдийг нь эргэн дурслаа.

Буриад судлалын академиас зохион байгуулж байгаа тус арга хэмжээнд төрийн шагналт, зохиолч Д.Гармаа, төрийн шагналт СГЗ Д.Нямаа, Дондог Улзытуевын гэр музейн эрхлэгч Светлана Тогошеевна зэрэг олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Буриад судлалын академийн ерөнхийлөгч, доктор, дэд профессор М.Одмандах “Дондок Улзытуев нь Монгол Буриадын яруу найрагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч.

 Тэрээр энэ хорвоод  36-хан насалж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн боловч түүний уран бүтээл өнөөдрийг хүртэл Буриадууд, тэр дундаа Монгол Буриадуудын сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдсэн байдаг. Түүний  цогтой, уянгын шүлэг, яруу найраг нь Буриадын орчин үеийн яруу найргийн утга уянгын чиглэлийн хамгийн сонгодог тод төлөөлөл болдог хэмээн мэргэжил нэгтнүүд дурсав. Их найрагчийн амьдрал, уран бүтээлийг дурсаж, хүндэтгэл үзүүлэх нь  Буриад судлалын академийн хувьд нэр төрийн хэрэг гэж үзэж байна” гэв.

Төрийн шагналт, зохиолч Д.Гармаа “Намайг Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурж байх үед Дондок Улзытуев гэж Буриадын нэртэй зохиолч сурч байсан. Би анх нэрнээс нь сүрдээд ойртдоггүй байж билээ. Хожим нь бид олон жил нөхөрлөсөн. 1966 онд бид дипломаа хамгаалаад ёслолын угаалга цайллага хийж байх үед Дондок ээж, дүү хоёроо дагуулж ирдэг юм байна. Тухайн үед нь Долгорын Нямаа бид хоёр  л байлаа. Тэгтэл Дондок маань “Ээжээ та Монголын хоёр зохиолчид нэг ерөөл хэлээч” гэсэн. Ээж нь “Заа их мөнгө барьдаг хөвгүүд болооройдоо” гэж билээ. Тэр нь одоо бодоход их зүйл хийж бүтээгээрэй, сайн сайхан амьдраарай гэсэн ерөөл байсан юм. Дондок Улзытуев их энгийн , төлөв түвшин, сайхан хүн байсан” хэмээв.

Зохиолчийн ном зохиолоос гадна гэрэл зургийн бүтээлүүдийг нь дэлгэн тавьсан байв. Буриад судлалын академи, зохиолчийн гэр музейтэй хамтарч Дондок Улзытуевын уран бүтээлийг нь монгол хэлнээ хэвлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дондок Улзытуев нь 1936 онд Бэсүүр аймгийн Цагаан давааны өвөрт төрсөн, 1956 онд ахлах сургууль, 1962 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсчээ. Түүний анхны бүтээл болох “Тагтаа” шүлэг 1953 онд Буриад Монголын Үнэн сонинд хэвлэгдэж байсан түүхтэй. Мөн үүнээс гадна “Ая ганга”  \1961\,  “Аадар” \1967\, “Их даваа” \1972\, “Ая гангын орон” \1974\ зэрэг олон бүтээл туурвисан юм.

С.Сайнзаяа

Related news