Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-08 19:21:40

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ.


Төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих шинэ үзэл баримтлалын дагуу хийгдэж, орон нутагт төсвийн эрх мэдлийг бодитойгоор олгох үндсэн зорилгыг агуулсан Төсвийн тухай хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-нд Улсын Их Хурал баталсан. Орон нутгийн хөгжлийн сангийн талаар төр, Засгийн газраас явуулж буй бодлого нь төсөв, санхүүжилтийн гачаалаас хамааран орон нутагт олон жил шийдвэрлэж чадалгүй хуримтлагдсан бэрхшээл, хүндрэлийг даван туулахад ихээхэн дэмжлэг болж байгааг орон нутгийн удирдлагууд, ард  иргэд байнга цохон тэмдэглэж байгаа болохыг хуулийн төслийн танилцуулгад онцолжээ. 
Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад загварчилсан шилжүүлгийн томьёог тооцохдоо Орон нутгийн төсвийн шинэтгэлийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс тухайн орон нутгийн хүн амын тооноос хамаарах индекс 60-70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалтын байдлаас хамаарах нь хамтдаа 10 хувь, орон нутгийн татварын идэвх санаачилгаас 30-20 хувь нь хамаарсан байдлаар хялбар, энгийн, бодит үзүүлэлтүүдээр тооцож хуваарилах саналыг гарган, холбогдох тооцоо, судалгаануудыг Сангийн яаманд хүргүүлсэн байна. 
Харин Засгийн газраас баталсан Орон нутгийн хөгжлийн санг байгуулах журамд орон нутгийн хөгжлийн индекс 25 хувь, хүн амын тоо 25 хувь, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ 25 хувь, орон нутгийн татварын идэвх санаачилга 25 хувь хэмээн бүх үзүүлэлтийн нөлөөллийг адил байхаар тэгшитгэн тогтоосон нь ихээхэн зөрчил дагуулж байгаа хэмээн үзжээ. Үүнээс гадна 2015 оны улсын төсөвт Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төсөв нийтдээ 126 тэрбум төгрөгөөр туссан нь өмнөх жилүүдийнхээс даруй 30-40 хуьт буурч, 70 орчим тэрбум төгрөгөөр багассан нь орон нутгийн дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт болон тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. 
Иймд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жил орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлох зарим итгэлцүүрийн хувь хэмжээг хуулиар хатуу заан өгч, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, санхүүжилтийн нэгэнт хүрсэн түвшинг тогтвортой байлгахаар зохицуулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулсан байна  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Related news