Байгальд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-26 19:17:13

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойш хуралдаанаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль, цаг уурын өөрчлөлт, техник, технологийн хоцрогдол, тариалан эрхлэгчдийн хөрөнгө санхүүгийн чадавх, мөн тэдгээрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тариалангийн хөрсний элэгдэл тариалангийн бүс нутгуудад гамшиг, сүйрлийн шинжтэй болж байна. Судалгаагаар нийт тариалангийн талбайн 72 хувь буюу 470 орчим мянган га талбай үржил шимийн доройтолд орсон аж.

Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тариалан эрхлэгчдийн дийлэнх болсон жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө санхүүгийн хүндрэлээс шалтгаалан технологийн болон техник шинэчлэлийг хийж чадахгүй байгаагаас ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн 70 хувь нь хуучин, бүтээмж багатай, 40 хувь нь 15 буюу түүнээс дээш жил ашигласан, элэгдлийн хугацаа нь дууссан техникийг ашиглаж байгаа.

Жилийн хэрэгцээт хүнсний ногооны 54.0 хувь, жимс, жимсгэний 0.5 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдэх 40 гаруй хувийг импортоор авч байгаа нь хүн амыг эрүүл, аюулгүй стандартын шаардлага хангасан хүнсээр хангаж чадахгүй байна. Энэ мэт газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тариалангийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага тулгарчээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

          

 

Related news