Хөгжлийн үзэл баримтлалыг баталснаар намууд дураараа амалдгаа болино

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-26 17:01:41

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг 2008 онд УИХ-аар баталсан. Тус бодлогын баримт бичгийн эхний үе шат нь 2015 онд хэрэгжиж дууссан ч хэрэгжилт нь 40 орчим хувьтай, хангалтгүй гэсэн дүн гарчээ. Хэрэгжилт нь хангалтгүй байсан нь нэг талаас төрийн бодлогын залгамж чанар хангагдаагүй, сонгуулийн дараа засгийн эрхэнд гарсан намууд тэр бодлогын баримт бичгийг баримтлахгүй байсан. Нөгөө талаас тухайн үеийн бодлогын баримт бичиг нь зорилтуудын жагсаалт байсан. Эдгээр дутагдлыг арилгахын тулд УИХ өнгөрсөн оны сүүлчээр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталж, сонгуульд оролцож байгаа аливаа улстөрийн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баримтлах ёстой. Хэрвээ баримталж боловсруулаагүй бол тухайн намын мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзах зохицуулалтыг тусгаад буй.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд өмнө нь олон удаагийн хөгжлийн баримт бичиг гарч байсан ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Тиймээс энэ удаагийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хянадаг бүтцийг хэрхэн тусгасан, ямар үр дүн уг баримт бичгээс хүлээж байгаа, хүрэх үр дүн нь бодитой эсэх гэх зэрэг асуудлыг тодруулж байв. Түүнчлэн гишүүдийн олонх улстөрийн тогтвортой байдал уг баримт бичгийн хэрэгжилтэд гол нөлөө үзүүлэх тул эв эеийг хангаж, ойлголцолд хүрч ажиллахыг чухалчилж байгаагаа илэрхийлж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 83,6 хувь нь “Чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Туул

Related news